УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна. Одоо мөрдөж буй “Гадаадын ажилчны хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль” хэрэгцээ шаардлага хангаж чадахгүй болсон гэж үздэг.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа "Энэ хуульд зөвхөн Монгол Улсаас гадаадад ажиллаж байгаа иргэн гэлтгүй гадаадаас манай улсад ажиллаж буй иргэдийн асуудал орно. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад гадаадын хэчнээн иргэн гэрээгээр ажиллаж байгаа вэ? Үүнтэй холбогдуулан хууль бус асуудал хэр их байдаг вэ? Гэрээгээр биш иргэд өөрсдөө гадны иргэдээр хүүхдээ харуулах ч юм уу хөдөлмөр эрхлүүлэх тохиолдол бий.
БНСУ-дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны нэг цэгийн үйлчилгээний ажилчид тус улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн ч бид бага цалин авч байна гэдгийг хэлсэн. Энэ асуудлыг шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлт тавьж байсан" гэдгийг тодруулав.
Түүний асуултад Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Энэ оны аравдугаар сарын байдлаар 93 улсын 5741 иргэн манай улсад хөдөлмөр эрхэлж байна. Хамгийн их тоо нь 2011 он бөгөөд тухайн үед 36 мянган иргэн ажиллаж байсан. Цаашид эдийн засаг сэргэх учраас энэхүү тоон үзүүлэлт нэмэгдэх болов уу гэсэн хүлээлттэй байна.
Хүүхэд харах Филиппин асрагч нарыг иргэд их авдаг. Судалгаагаар ойролцоогоор 300 орчим гадаад хүүхэд асрагч ажил хөдөлмөр эрхэлж байна гэсэн тоон мэдээлэл бий. Хүүхэд асрагч гэдэг утгаараа хөдөлмөрийн зөвшөөрөл авдаггүй. Харин боловсролын байгууллагын багш гэдгээр зөвшөөрөл олгогддог. Нөгөө талдаа иргэд хоорондын гэрээгээр үйл ажиллагаа явуулдаг.
БНСУ-д нэг цэгийн үйлчилгээнд ажиллаж байгаа ажилчдын хувьд хуулиар зохицуулах асуудал огт биш. Харин манай яамны харьяа байгууллага учраас энэ асуудал манай төсвөөр зохицуулагддаг. 2022 оны төсвийн хувьд цалин хөлсийг нь БНСУ дахь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан оруулж батлуулсан" гэв.