Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсгол хийв. Тус Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт хуралдааны эхэнд 2021 оны гуравдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах бүрэн эрх бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах журмыг тогтоосон талаар, мөн Улсын Их Хурлаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлэн, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж, томилохоор заасны дагуу сонсгол хийж буй талаар танилцууллаа. Үндсэн хуулийн байгууллага болох Шүүхийн сахилгын хороо нь 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу шинээр байгуулагдаж буй бөгөөд хуульд зааснаар шүүхийн төсвөөс санхүүжих, бие даасан байгууллага юм. Тус Хороо нь орон тооны есөн гишүүнээс бүрдэх ба гишүүд нь зургаан жилийн бүрэн эрхийн хугацаатайгаар зөвхөн нэг удаа сонгогдож, томилогдоно. Үүнд, хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгох бол шүүгч бус таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно хэмээн танилцуулга мэдээлэл өглөө.
Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсголд Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүдийн олонхийн санал авсан таван нэр дэвшигч болон Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүд, мөн оролцогч, ажиглагчид хүрэлцэн ирсэн байв. Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд 24 хүн нэрээ дэвшүүлснээс сонгон шалгаруулалтын явцад нэг хүн нэрээ татсан тул 23 хүнийг сонгон шалгаруулалтад оролцуулжээ. Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг 2021 оны аравдугаар сарын 19-нд хуралдаж Монгол Улсын Их Хуралд санал болгох нэр дэвшигчдийг тодруулсан бөгөөд ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчдийг олон нийтэд танилцуулсан байна.
Байнгын хорооны хуралдаанд нэр дэвшигчдийг Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүдээс авсан саналын дарааллаар буюу Ц.Давхарбаяр, Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун, Х.Хашбаатар гэсэн дарааллаар танилцуулсан. Ингэхдээ Байнгын хорооны дарга С.Бямбацогт нэр дэвшигчдийг ямар мэдлэг чадвартай, томилогдвол ажлын чадвар чадамж нь хэр хүн бэ гэдэг талаар олон нийтэд мэдээлэл өгөх зорилготой томилгооны сонсгол хийж буйг хэллээ. Нэр дэвшигч Ц.Давхарбаяр нь МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, нэр дэвшигч Д.Ариунтуяа нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтсийн дарга, нэр дэвшигч Д.Мягмарцэрэн нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ахлах референт, нэр дэвшигч Д.Эрдэнэчулуун нь Монголын олон улсын арбитрт арбитрч, нэр дэвшигч Х.Хашбаатар нь Авлигатай тэмцэх газарт Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргаар ажилладаг аж. Томилгооны сонсголын дэгийн дагуу томилогдохоор хэлэлцэгдэж буй нэр дэвшигчид тухайн албан тушаалд томилогдох хүсэлт гаргасан шалтгаан, зорилго, эзэмшсэн боловсрол, ажлын туршлага, хэрвээ томилогдвол хэрхэн ажиллах талаараа мэдээлэл өглөө.
Байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсгол хийсэн бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсголыг өнөөдөр хийх юм.