Ирэх оны улсын төсвийг өнгөрсөн баасан гарагт баталлаа. Үүний хүрээнд Нийгмийн даатгалын, Эрүүл мэндийн даатгалын, Ирээдүйн өв сангийн төсвийг багцлан баталдаг. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 72.1-т заасны дагуу хуралдаан даргалагч төсвийн тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг уншин сонсгож, санал хураалт явууллаа. Монгол Улсын 2022 оны төсөвт жилд төвлөрүүлэх тэнцвэржүүлсэн орлого 9.4, зарлага 12 их наяд төгрөг байхаар батлав. Мөн ирэх жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 2.2 их наяд төгрөгөөр санхүүжүүлэх нь. Ингэхдээ “барих-шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжид төсвийн хөрөнгөөр 303.6 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийхээр болж байна. Түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 643.3 тэрбум төгрөг хуримтлуулах юм. Харин орон нутгийн төсөвт нийт 236.7 тэрбум төгрөгийн дэмжлэг олгож, орон нутгийн төсвөөс улсын төсөвт нийт 513.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тусгав.
Нийгмийн даатгалын санд төсвийн ерөнхийлөн захирагчид нийт 2.8 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 2.7 их наяд төгрөгийн төсөв зарцуулах юм байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын санд төсвийн ерөнхийлөн захирагч нийт 1.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 1.4 их наяд төгрөг зарцуулахаар тусгажээ. Түүнчлэн Ирээдүйн өв санд төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч нийт 1.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 1.4 их наяд төгрөгийн төсөв зарцуулна. 2022 оны төсвийг баталсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн. Тэрбээр бидний өмнө “Ковид-19”-ийн цар тахлын дараах үеийн улс орны эдийн засгийг сэргээх, эх орноо эрчимт хөгжлийн замд шилжүүлэх томоохон зорилт тавигдаж буйг дурдсан. Мөн дотоодын эдийн засгийг гурав дахин тэлэх томоохон төслүүдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төрийн байгууллагын зардлыг хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төсөв болж чадсан гэж үзэж байгаагаа онцлоод, ирэх онд 2.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээс зам, тээвэр, эрчим хүч, барилга, бүтээн байгуулалтын салбарт 1.7 их наядыг нь зарцуулахыг тодотгов.
Түүнчлэн ирэх оны төсөв төрийн өмчит компаниудын үр ашиг, ил тод байдал, хариуцлага, өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн болохыг онцлоод, тэдгээрийн засаглал, бүтцийн өөрчлөлт, ногдол ашгийн бодлогыг шинэчлэх Засгийн газрын бодлогыг дэмжиж байгааг хэллээ. Төрийн үйлчилгээг цахимжуулж, бүх шатны байгууллага хэмнэлтийн горимд ажиллах зарчим тусгагдсаныг дурдахын зэрэгцээ ирэх онд бүх шатны төрийн байгууллагын сургалт, семинарыг цахимаар зохион байгуулах, гадаад албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах, тавилга, эд хогшил, ном, хэвлэл худалдан авах болон хэвлүүлэх, сурталчилгаа хийх, бэлэг, дурсгалын зүйлс бэлтгэх, биеийн тамирын уралдаан тэмцээн, салбарын болон байгууллагын тэмдэглэлт ой, баяр ёслолын арга хэмжээ явуулах, салбартай холбоотой киноны уран бүтээл хийх болон төрийн захиргааны төв байгууллагуудын тээвэр, шатахууны зардлыг санхүүжүүлэхгүйг тэмдэглэлээ. Бүх шатны төрийн байгууллагын бичиг хэргийн болон цар тахалтай тэмцэх чиг үүрэгтэйгээс бусад бүх байгууллагын дотоод албан томилолтын зардлыг тус бүр 50 хувь бууруулахаар төлөвлөснийг тууштай хэрэгжүүлэх шаардлагатайг УИХ-ын дарга анхааруулсан. Түүнчлэн хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой чиг үүргийг төр хэрэгжүүлдэг байдлаас татгалзаж, стандарт, чанар, өрсөлдөөнд суурилсан үйлчилгээг төр худалдан авдаг тогтолцоонд шилжих зарчим энэ удаагийн төсөвт баримталсныг мэдэгдэв. Ингэхдээ үйлчилгээний тарифыг өрсөлдөөн бий болохуйц хэмжээнд үндэслэлтэй тогтоож, санхүүжилтийг үр дүнтэй хуваарилах механизмыг бий болгох шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр “Нийгмийн суурь үйлчилгээ үзүүлдэг салбарын байгууллагуудыг төсвийн хувьд хагас бие даасан тогтолцоонд шилжүүлэх багц шинэчлэлийг энэ төсвөөр хийж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарт үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бий болгох зарчмаар төсвийг баталлаа. Ирэх оноос боловсрол, соёл урлаг, нийтийн биеийн тамирын байгууллагыг санхүүгийн хувьд хагас бие даалгаж, үр дүн, чанар, гүйцэтгэлд нь үндэслэн санхүүжүүлнэ” гэв.
Байгалийн баялгийн хүртээмжийг нэмэгдүүлж, санхүүгийн баталгаатай “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлснээр 2022 онд хүүхэд бүр Ирээдүйн өв сангаар баталгаажсан, сар бүр 100 мянган төгрөгөөр арвижих хуримтлалын данстай болно. Ингэхдээ хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч хүсвэл Төрийн сан дахь хүүхдийн хуримтлалын дансанд сар бүр төвлөрөх мөнгөн хадгаламжийн тодорхой хувийг бэлнээр авах боломжтой. Энэ төсвөөр хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг дэмжиж, халамжаас-хөдөлмөрт шилжих шинэчлэл хийнэ. Хүн амын өсөлтийг дэмжсэн, эрүүл мэндийн байдлыг харгалзан олгодог тусламжийг халамжаас тусгаарлаж, цаашид зөвхөн нийгмийн даатгалаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, түүнийг асарч байгаагийн улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй гэр бүлийн гишүүд, нэн ядуу болон нийгэмд бие даан амьдрах чадваргүй хүнийг хамруулдаг болно. УИХ-ын дарга үгийнхээ төгсгөлд 2022 оны төсөв нь бүхэлдээ Монгол Улсын төсөв, мөнгөний бодлогод реформ хийх, цар тахлын эрсдэлийг даван туулах, улмаар “Ковид-19”-ийн дараах улсын эдийн засгийг эрчимтэй хөгжлийн замд шилжүүлж, Монгол Улсаа сэргээн мандуулах бидний зорилгод чухал алхам болсон гэж үзэж байгаагаа тэмдэглэв.
Бэлтгэсэн У.Наран