Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд баталснаас хойш хоёр жил өнгөрчээ. Хэд хэдэн парламент дамжсан эл нэмэлт, өөрчлөлтийг баталсны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар “Эх хуулийн энэхүү нэмэлт, өөрчлөлт хууль, эрх зүйн хувьсгалын эхлэл байх болно. Эрх зүйн хувьсгалаар нийгэмд шударга ёс, төрд эмх цэгц, сахилга хариуцлага баттай ноёрхох суурийг тавина” хэмээн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны индэр дээрээс мэдэгдэж байв. Улмаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолыг өнгөрсөн оны нэгдүгээр сард баталсан.
Уг тогтоолд тусгаснаар 30 гаруй хуулийг шинэчилж, нэмэлт, өөрчлөлт оруулахаар байгаагаас 12-ыг нь УИХ хэлэлцэн батлаад байна. Тухайлбал, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн, Төрийн аудитын, УИХ-ын болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн, Ерөнхийлөгчийн сонгуулийн, Шүүхийн, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталжээ. Харин энэ удаагийн намрын чуулганаар Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийг хэлэлцэн батлахаар төлөвлөж буй. УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн төслийг гэхэд л өнгөрсөн баасан гарагт эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлээд байна.