ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторийн судлаачид БОАЖЯ, Германы сэргээн босголт, зээлийн банк хамтран хэрэгжүүлдэг “Биологийн олон янз байдлыг хамгаалах, дасан зохицох” төслийн хүрээнд халиун бугын тархалт, нягтшилын судалгааг тусгай хамгаалалттай газрууд болон говийн зарим бүсэд хийжээ. Ингээд Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газар дахь буга тархан байрших боломжтой нутгийн хэмжээг 2658 ам км гэж тогтоосон байна. Үүний 2174 ам км-ийг нь идээшлэхэд нэн тохиромжтой газар гэж үнэлжээ. Тухайлбал, Их богд дахь бугын тархац нутгийн хэмжээ 689, идээшил бүхий газар нь 284 ам км аж. Харин Бага богд ууланд буга нутагших боломжтой 260 ам км талбай буйгаас 55 орчим хувь нь тус амьтны цөм нутаг. Говь гурван сайхны 438 ам км газрын 191, Хустайн нурууны 355 ам км талбайн 183 ам км нь бугын цөм нутаг болохыг тогтоожээ.
Судлаачид халиун бугын байршлын мэдээнд үндэслэн амьдрах орчны таатай нөхцөл бүрдсэн газруудыг загварчлан гаргаж, тэдгээрийн хоорондох холбоос нутгийн зураглал бүхий коридоруудыг тодорхойлсон гэнэ. Нийт 7400 орчим км урт 33 коридор нутгийг тодорхойлсон байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн загварчлал, нөлөөллөөс үзэхэд халиун буга тархан идээших, нүүдэллэх боломжтой эдгээр газрын хэмжээ 2040 он гэхэд эрс хумигдаж, 2100 онд эл амьтан говийн бүсэд амьдрах боломжгүй, тархацгүй болох төлөвтэйг экологичид судалгаандаа дурджээ.
Бэлтгэсэн Ж.Мишээл