Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны аравдугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/02017 дугаар шийдвэртэй, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн 109 дүгээр магадлалтай, Баянхонгор аймгийн Гурван булаг сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчдийн дарга, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Засаг дарга нарын нэхэмжлэлтэй, “Жи энд юу голд” ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хянан хэлэлцжээ.
Тодорхой хэлбэл, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутаг дах Ихэрийн ордын алтны тусгай зөвшөөрөл эзэмшигч “Жи энд Юу гоулд” ХХК байгаль орчныг бохирдуулсан, гэмтээсэн, доройтуулсан, байгалийн тэнцлийг алдагдуулж, 180 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэв. Анхан болон давж заалдах шатны шүүхээс “Жи энд юу голд” ХХК-ийг байгаль орчин бохирдуулсан буруутай гэж үзсэн.
У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Д.Сарангэрэл Байгаль орчин аялал жуулчлалын сайд байхдаа 2020 онд Засгийн газрын 125 дугаар тогтоол баталж, “Жи энд юу голд”-д хууль бусаар ашигт малтмал олборлох ашиглах зөвшөөрөл өгсөн хэмээн Монголын Байгаль орчны төлөөх хуульчдын холбооноос мэдээлдэг. Үүнээс гадна эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем https://legalinfo.mn/ сайтаас Засгийн газрын 2020 оны 125 дугаар тогтоол хайлтаар гарч ирэхгүй байгаа юм. Юутай ч Улсын дээд шүүх уг хэргийг эцэслэн шийдэж, “Жи энд юу голд” компани буруутай болохыг тогтоож, 180 сая төгрөгийн хохирол барагдуулах ёстой гэсэн шийдвэр гаргалаа.
"Жи энд Юу Гоулд" ХХК нь 2006 оноос 157 га газрыг хамарсан алтны шороон ордод олборлолт явуулах болжээ. Энэ хугацаанд нөхөн сэргээлт огт хийгдээгүй гэдэг. Тухайлбал, Шар усны голын ширгэсэн сайрыг малтахад ус гардаг байснаа сүүлийн жилүүдэд гарахаа больсон тул сумын төвийнхөн 30 километр зайтай газраас амны усаа зөөж, нэг литр усыг таван төгрөгөөр, өвөлдөө нэг килограмм мөсийг 20 төгрөгөөр худалдан авах болсныг хуульчид шүүмжилдэг. Гэсэн ч "Жи энд Юу Гоулд" ХХК олборлолтоо улам өргөжүүлж, Түрэгийн үеийн хөшөө дурсгалуудаараа Монгол даяар алдартай Өвөр хөшөөт зэрэг газруудад хөрс хуулалт хийсэн аж.