Экологийн цагдаагийн албанаас энэ оны эхний 10 сарын байдлаар байгаль орчны эсрэг 424 зөрчлийг илрүүлж, 133 зөрчилд 13.3 сая төгрөгний шийтгэлийг оногдуулж, 6 зөрчлийг хүлээн авахаас татгалзаж, бусад зөрчлүүдийг хуульд заасан үндэслэл журмын дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагад харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
Нийт бүртгэгдсэн зөрчлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 83 зөрчлөөр буюу 49.4 хувиар өсжээ.
Зөрчлийн улмаас тарвага 73, чоно 18, цагаан загас 120 кг, шувуу 4, бусад амьтны гаралтай түүхий эд 8 ширхэг, байгалийн өнгөт чулуу 233 кг тус тус хураан авч, зохих журмын дагуу шийдвэрлэжээ. Эдгээрийг экологи эдийн засгийн үнэлгээгээр авч үзвэл улсад 42 сая төгрөгийн хохирлыг учруулсан аж.
Ташрамд дурдахад, БОАЖЯ, УУХҮЯ, МХЕГ-тай хамтран “Нөхөн сэргээлт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, 693.52 га талбайд нөхөн сэргээлт хийжээ.