Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдийн (2021.11.02) хуралдаан дөрвөн асуудал хэлэлцлээ. Эхлээд Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр төслийг зүйл бүрээр нэгбүрчлэн хэлэлцэв.
Монгол Улсын хилийн боомтын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар ахалж буй. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн энэ үеэр "Цар тахал буюу онцгой нөхцөл байдлын үед л Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа байх ёстой атал энгийн үед ч цар тахлын үеийн бүтцээ хадгалах зорилгоор эл төслийг оруулж ирсэн гэж харж байна. Ердийн нөхцөлд хил, хяналтын байгууллагын хэвийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, тэднээс илүү эрх мэдэл бүхий бүтцийг бий болгох гэж байгааг анхаарах нь зүйтэй” гэлээ. Улмаар төслийн зохицуулалтаар цааш үргэлжилвэл хил, гаалийн байгууллага үйл ажиллагаагаа явуулах боломжгүйд хүрнэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
Цар тахлын онцгой нөхцөлд нийцүүлэн Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааг байгуулан ажиллуулж байгаа бөгөөд цаашид боомт дээр үүсэх асуудлуудыг шийдвэрлэх, байгууллага хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, хөрш оронтой гадаад харилцаагаа нэг сувгаар ярилцах бололцоог бүрдүүлэхээр дээрх бүтцийг байнгын болгохоор Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг тайлбарлав. Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа нь хил, гааль дээр бүрэн эрхээ хэрэгжүүлдэг байгууллагуудын үйл ажиллагаанд шууд оролцохгүй, харин тэнд үйл ажиллагаа явуулж буй нийт байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх юм байна. Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Монгол Улсын хилийн боомтын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, төсөл дэх Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны чиг үүрэгт нь боомтын хөгжил, төлөвлөлт, дэд бүтцийн асуудлыг хариуцах, хэвийн үйл ажиллагааг хангах, боомт дахь өмчийн бүртгэл, техник, тоног төхөөрмжийн ашиглалтын хяналтыг хариуцах талаар нэмж тусгахаар санал боловсруулаад байгаа гэв. Харин “онцгой эрх”-ээ тухайн боомт дээр онцгой нөхцөл үүссэн үед хэрэгжүүлэх заалт нэмэх байдаар тусгах нь зүйтэй хэмээн үзсэн гэв.