Олны танил хүмүүс болчимгүй үг, үйлдлийнхээ төлөөсөнд олон нийтийн шүүхээр орж байгаагаас өөрцгүй үйл явцыг cancel culture буюу цуцлах соёл гэж дэлхийд алдартай судлаач, сэтгүүлчид онцлон тэмдэглэх болсон. Үг, үйлдлээрээ нийтийн дургүйцлийг төрүүлж “шангаа” хүртсэн алдартнуудын жишээ мундахгүй. Улмаар үүнээс болж карьертаа цэг тавьсан нь ч бий. Мөн нэр нүүрээ хөөдөхгүйн тулд олны танил хүмүүс сүүлийн үед биеэ хянах болсон ч “гэнэдэх” нь бас цөөнгүй. Ялангуяа нийгмийг хөтөлж, үлгэрлэх учиртай уран бүтээлчдийн нөлөөлөл, тэдний болчимгүй байдалд цуцлах соёл нөлөөлсөөр байна. Жишээ нь, Британийн зохиолч Ж.Роулинг жилийн өмнө цахим хуудсандаа хүйсийн ялгаварлан гадуурхал бүхий “жиргээ” нийтэлснээрээ нийгмийн сүлжээнд “яллуулсан”. Эл шуугиан цахим орчноос хальж, томоохон хэвлэн нийтлэгчид түүнтэй байгуулсан гэрээгээ цуцалсан юм.
Энэ оны зургадугаар сарын 3-нд “Тав дахь удаагийн шүүх хуралд ялсан ч хилээр нэвтрүүлэхээс дахин татгалзлаа” гэсэн гарчигтай нийтлэл, мэдээллүүд БНСУ-ын хэвлэлүүдээр цацагдсан нь 1990-ээд онд солонгос залуучуудыг байлдан дагуулж байсан дуучин Ю Сын Жүний тухай байлаа. БНСУ-ын аюулгүй байдал, хэв журам сахиулах зэрэг үндэслэлээр 2002 онд түүнийг тус улсад нэвтрэхийг тодорхойгүй хугацаагаар хориглосноос хойш 20 дахь жилтэйгээ золгох гэж байна. Өдгөө 45 настай Ю Сын Жүн БНСУ-д төрж, 12 настайдаа аав, ээжийн хамт АНУ-д цагаачилсан бөгөөд 1997 онд Сөүлд дебют цомгоо гаргаж, алдаршсан. Дуучин залуу БНСУ-ын цэргийн албанд элсэх хүсэлтэй талаараа 2001 онд телевизийн олон янзын нэвтрүүлэгт оролцохдоо ярьж байсан ч үйлдэл нь зөрсөн юм. 2002 оны эхээр зохион байгуулсан цэрэг татлагын үеэр тэрбээр Японд тоглолттой таарчээ. Үүнд үндэслэн БНСУ-ын Үндэсний батлан хамгаалах яамнаас түүнд зөвшөөрөл өгч, цэрэг татлагаас түр чөлөөлснөөр хилийн чанадад тоглолтоо хийв. Японоос эргэн ирээд тэрбээр АНУ-д аялан тоглолт хийх шалтгаанаар дахин зөвшөөрөл хүсжээ. Ингэж явсан тэрбээр Америкт тоглолт хийгээгүйгээр барахгүй тус улсын иргэншилтэй болж (1988 оноос АНУ-д амьдарсан гэр бүлийнх нь цагаачлах эрхийн статус хэрэгжих эхлэх хугацаа нь тухайн үед таарсан гэж тайлбарладаг), Солонгосын иргэншлээсээ татгалзсанаар цэргийн албанаас автоматаар чөлөөлөгдсөн байдаг. Цэргийн албанаас нь татгалзсан Ю Сын Жүнийг БНСУ-ын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бөгөөд 2002 оны хоёрдугаар сарын 2-нд Америкаас Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд ирээд байхад нь түүнд энэ тухай дуулгасан юм. Тэрбээр БНСУ-д нэвтрэхийн тулд олон жилийн турш шүүхдэж, таван удаа ялалт байгуулсан ч Засгийн газраас нь хориглосоор иржээ. Өнгөрсөн зун болсон шүүх хурлын шийдвэр мөн л түүний талд гарсан ч эрх баригчдынх нь үзэл баримтлал өөрчлөгдөөгүй учир БНСУ-ын үүд хаалттай хэвээр үлдэв. 2015 онд тэрбээр интернэтээр дамжуулан “Олон жилийн өмнө үг, үйлдэл, сонголтоороо фэнүүдийнхээ урмыг хугалсандаа уучлалт гуйх зүрх сэтгэл надад хэвээр байна” хэмээн өвдөг сөгдөн хэлж, БНСУ-ын Засгийн газар өөрт нь хатуурхлаа хэмээгээд хагас цаг гаруй уйлсан юм. Ю Сын Жүн буцаж ирэх нь нийгэмд, тэр дундаа өсвөр, залуу үеийнхэнд үндэсний аюулгүй байдал болон нэр хүндийг үл ойшоох сөрөг нөлөөллийн эрсдэлтэй гэж БНСУ үзсээр байна. Энэ бол улсын нэр хүнд, эх орон, нийгэм, иргэдээ хайрлан, хүндлэх ухааныг хойч үеийнхэнд, хэнбугайд ч ойлгуулахад, цаашлаад нэр алдартай, олны танил хүмүүс бусдыг үлгэрлэн дагуулагч гэдгийг сануулахад түлхэцтэй, том агуулга бүхий үйл явдал гэж судлаачид үздэг юм билээ. Муу нэрийг хусавч арилахгүй, сайн нэрийг хүсэвч олдохгүй гэж энэ бөлгөө.
Ю Сын Жүний “хэрэг” бол өнөө цагийнхны сайн мэдэх cancel culture буюу цуцлах соёл гэсэн тодотголтой үйл явцын тод жишээ юм. Тухайн үед ийм үг хэллэг байсангүй. “Google trends”-д тэмдэглэснээр бол цуцлах соёл гэдэг нь олон нийтийг доромжилсон үйлдэл хийсэн гэж олноороо шүүмжлэх, буруутгах, дэмжихээс татгалзах явдал юм. Аль ч улсын, ямар ч нийгмийн хувьд энэ нь олны танил хүмүүс, байгууллагад илүүтэй хүнд тусдаг, нэг талаараа “бойкот” ажиллагаа аж. Олон тохиолдолд энэ нь интернэт орчноос хальж тухайн хүний карьерт нөлөөлсөн байдаг. Америкийн киноны найруулагч Харви Вайнштейн Холливудын уран бүтээлч эмэгтэйчүүдэд олон жилийн хугацаанд бэлгийн дарамт учруулж ирсэн нь 2017 онд илчлэгдэж, түүнийг эсэргүүцсэн “#MeToo” хөдөлгөөн интернэт орчинд өрнөсөн нь ийм үйл явцын эхний далайцтай алхам байсан гэж үздэг. Энэ мэтээр нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхгүй болсон алдартнуудыг “бойкотлох” хандлага нь цуцлах соёлыг бий болгох суурь байжээ.
Тэгвэл монголчуудын хувьд цахим хэрэглэгчид эл орчинд “цаазлах” үйл явцад тун мэдрэмжтэй, сурамгай хандаж, бурууд “нүд, шүдээ” хурцлах болсон. Хэдийгээр хэн нэгнийг цахим орчинд ганцаардуулж, шахах нь энэрэнгүй явдал биш ч буруу үйлдлийг таслан зогсоох утгаар нь cancel culture гэдгийг хариуцлага нэхэх соёл хэмээн ойлгох нь бий. Манай “од”, олны танил хүмүүсийн дунд зоргоороо ярьдаг, үзэл бодлоо тулгадаг, бүдүүлэг, муйхар, хүмүүжлийн илт доголдолтой нь олон. Хариуцлага нэхэх соёлын ачаар тэднийг “номхруулах”, ухааруулах, олон түмэнд сөрөг нөлөөтэй үг, үйлдэл гаргуулахгүй байх боломжтойг сүүлийн жил орчмын хугацаанд өрнөсөн олон үйл явдлаас харж болно. Тухайлбал, дуучин Ука, С.Сэрчмаа, “Никитон” хамтлагийн Б.Батчулуун нарын “шүтээн” нийгэмд, ялангуяа залуучуудад сөрөг, бусдын нэр хүндэд халдсан зүйл ярьсныхаа төлөө дэмжигчдээ алдахаас эхлээд зарим ажлын гэрээгээ ч цуцлуулахад хүрсэн. Бүсгүйчүүдийг халаасан дахь мөнгө шигээ үзэж, доромжилдог, улстөрч “гуншинтай” Ц.Анандбазар гэгчийн өдөөсөн, үйлдсэн хэргүүдийг цахим орчинд “яллаж”, үнэн мөнийг тогтоолгохоор иргэд давлагаалсны үр дүнд хуулийн байгууллагынхны анхааралд хүргэж чадлаа. Түүний нэр холбогдсон хэргүүдийг өдгөө шүүхийн хүрээнд авч үзэж байна. Хамгийн сүүлийн нэг жишээ гэхэд, цар тахалтай хүнд хэцүү, эрсдэлтэй энэ цаг үед “Камертон” хамтлагийнхан хэдэн зуун хүн цуглуулж, өргөн хүрээг хамарсан тоглолт зохион байгуулсан нь иргэдийг бухимдуулах том шалтгаан болов. Эндээс улбаалан Төрийн шагналт, дуучин Д.Болдын талаар элдэв яриа нийгмийн сүлжээнд тархаж, үүнийг нь цөөнгүй хүн “гэрчлэн”, нэг талаар “#Me¬Too” болон давлагаалах шахав.
Энэ мэтээр цуцлах соёлын сайн талыг бид мэдрэх болсон. Гэхдээ бас хурдан мартаж байна. Тодруулбал, нийгмийг соёлжуулах, гэгээрүүлэх, үлгэрлэн дагуулах үүрэгтэй урлагийн салбарын зарим хүний уучилж боломгүй, бүдүүлэг, сөрөг, харгис үйлдлийг бид хэсэг хугацаанд л яриад орхидог зантай. Тухайн үедээ жигшиж байснаа хэсэг хугацааны дараа огт сонсож, мэдээгүй мэт аашлан, нөгөө хэдийгээ шүтэн, хайрлаж эхэлдэг. Угтаа бол зарим нэгнийг энэ салбараас бүрмөсөн үдэх хэрэгтэй санагддаг. Хэдийгээр хүнийг өнгөрснөөр нь бүү ялла гэдэг ч бусдын амь, эрүүл мэндэд санаатайгаар хохирол учруулсан, мансууруулах бодис удаа дараа хэрэглэсэн, худалдсан зэрэг хар мөртэй хүмүүс өнөөдөр зурагтаар “дамжин” айлын хойморт зоргоороо заларч байгаа нь дэндүү харамсалтай, жигшмээр явдал мөн. Зарим нь бүр өөрийгөө өмөөрч, муу үйлдлээ “уран бүтээл” нэрээр сурталчилж байна. Тэднийг хараад өсвөр, залуу үеийнхэн “Гэмт хэрэг хийх нь байдаг л зүйл” гэж бодохыг үгүйсгэхгүй. Магадгүй дуурайх нэг сэдэл ч болж мэднэ. Үүнд л цуцлах соёлыг хариуцлага нэхэх “үүрэгтэйгээр” чиглүүлбэл ямар вэ.
Цуцлах соёл хэмээх “хөдөлгөөн” бас сөрөг талтайг шинжээчид анхааруулдаг. Нийтээрээ шүүмжлэн, шившиглэх нь тухайн хүнийг ажил, гэр бүл, хүрээлэх орчноос нь салгах, цаашлаад сэтгэл, сэтгэцийн дарамтад оруулах сөрөг үр дагавартайг мэргэжлийнхэн сануулж, үүнд болгоомжтой хандах учиртай гэдэг. Мөн цуцлах соёлыг ашиглан хэн нэгэн рүү чиглэсэн санаатай гүтгэлгийг цахим орчинд тараах тохиолдол гардаг. Энэ нь гэмгүй хүний нэр төрд халдаж, хохироох эрсдэл юм. Энэ өнцгөөс нь харж цуцлах соёлыг эрс эсэргүүцэгчид бий. Жишээ нь, Америкийн Йелийн их сургуулийн профессор Жошуа Кноб “Хүний үнэт зүйлсийн эсрэг өрөөсгөл ойлголт бий болгодог” гэж шүүмжилжээ.
Харин АНУ-ын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудын тоймч, хуульч Санни Хостин нарын сэхээтэн цуцлах буюу татгалзах соёлыг “үр дагаврын” гэж нэрлэх нь зүйтэй гэдэг байна. Үүнээс гадна уриалан дуудах соёл гэж тодорхойлох нь бий. Ийм үүднээс нь авч үзвэл энэ нь нийгэм дэх бодит үзэгдэл бөгөөд эерэг, эсрэгийн талаарх ойлголт гэнэ.
Олон хүний хувьд хариуцлага хүлээхийг олон нийтэд уриалах, үр дүн гарахгүй бол “бойкотлох” нь нийгэмд шударга ёс тогтооход чухал хэрэгсэл гэж үздэг. Манайд тэгж “хашраамаар” хүн олон бий. Тухайлбал, нийгмийг манлайлах, соён гэгээрүүлэх, ховсдох хүчтэй зэвсэг хэмээдэг урлагаар бамбай хийсэн дуучин, жүжигчин, зураач, зохиолч, мэргэжилтнүүд гудамжинд хээвнэг тамхи татаад зогсож л байдаг. Үүнийг болиулах, бусдад үлгэр дуурайлтай байх үүргийг нь сануулахад цуцлах соёлын “шидийг” үзүүлмээр. Ажлаа хийж байгаа нэрээр улстөрчдийн “зэвсэг” болж, иргэдийн сонгох эрхэд нөлөөлөн, бүдүүлгээр халдан, сурталчилгаанд оролцдог хэрнээ ямар ч хариуцлага хүлээдэггүй “оддыг” үүгээр шившиглэн шахах хэрэгтэй. Бүдүүлэг онигоо нэртэй зүйлээр иргэдийн оюуныг хүчирхийлсэн Б.Батчулуун, С.Сэрчмаа нар шиг.
Эцэст нь хэлэхэд, cancel culture гэдэгт бид авах, гээхийн ухаанаар хандаж, хариуцлага талаас нь харж, бурууг засаж залруулахад түлхэц болгон хэвшүүлбэл зөв хандлага, улмаар нийгмийн нэгэн соёл болон түгэх болов уу.