УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлэг, Хүний эрхийн дэд хороо, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр тус байгууллагын Монголын үндэсний комисс болон “Нийгмийн өөрчлөлтийн удирдлага” хөтөлбөрийн Монголын хороо хамтран “Жендерийн тэгш байдлыг хөхиүлэн дэмжиж, жендерт суурилсан хүчирхийллийг бууруулах нь” сэдэвт хурал өнгөрсөн сарын 29-нд зохион байгуулав. ЮНЕСКО-гийн “Нийгмийн өөрчлөлтийн удирдлага” хөтөлбөрийн үндэсний хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хурлыг нээж үг хэлэхдээ, жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг парламентын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, хууль, тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр УИХ анхааран ажиллаж буйг дурдлаа. Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуульд ажлын байран дахь бэлгийн дарамтын талаар шинэ зохицуулалт оруулж, хариуцлагыг чангатгасан гэв. Энэ удаагийн чуулганаар хэлэлцэж буй гол хуулиудыг жендерийн болон хүний эрхийн мэдрэмжтэй байлгах үүднээс анхааран ажиллаж буйгаа дурдлаа.
Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж буй нь жендерийн болон хүний эрхийн мэдрэмжтэй шийдвэр гаргахад ихээхэн нөлөөтэй болсныг тэмдэглэсэн. Цаашид эмэгтэйчүүдийн оролцоо бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд улам нэмэгдэх хандлагатайг тэрбээр дурдаад, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүдийн сонгон шалгаруулалтад олонхын санал авсан зургаан нэр дэвшигчийн тав нь эмэгтэй байгааг онцлов.
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “Ковид-19” халдварт цар тахал болон түүний дараах үед жендерт суурилсан хүчирхийлэлтэй холбоотой хууль, тогтоомжийн харилцан уялдаа, шинэ сорилтууд” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр “Ковид-19” цар тахлаас үүдэн дэлхий дахинд цахим платформын хэрэглээ огцом нэмэгдсэн. Хүн амын 45.9 хувь нь 0-24 насныхан. Монгол Улсын тухайд цахим хэрэгцээний өсөлтийг дагаад цахимаар үйлдэгдэж буй хүчирхийлэл нэмэгдсээр байна. Эцэг, эхчүүдийн хариуцлага сул, хүүхдийнхээ цахим хэрэглээг хянадаггүйгээс хүчирхийлэлд өртөн, сэтгэл санаагаараа хохирч байгаа тохиолдол маш олон байна. Дэлхийн бусад орон цахим орчинд хүүхдээ, иргэнээ хамгаалахад чиглэсэн хууль, тогтоомжуудыг аль хэдийн судлан, батлаад эхэлсэн. Бид ч Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй Хүүхэд хамгааллын, Гэр бүлийн болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Боловсролын тухай хуульд цахим орчин, хэрэглээтэй холбоотой зүйл, заалтуудыг нэмж тусгах зайлшгүй шаардлага үүссэн. УИХ-ын гишүүний хувьд цахим орчинд хүний, тэр дундаа хүүхдийн эрхийг хамгаалах хуулийн төслийг өргөн барихаар ажиллаж байна” гэлээ.
Жендерт суурилсан хүчирхийлэл нь хүний хүйс, жендерийн онцлог, түүнтэй холбоотой нийгмийн тэгш бус харилцаанаас үүдэн гардаг хүний эрхийн ноцтой зөрчил бөгөөд бие махбод, бэлгийн, сэтгэл зүйн, эдийн засгийн зэрэг олон төрлөөр илэрдэг. Монгол Улсын хувьд 2020 оны нэгдүгээр улиралд бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн тоо 2019 оны мөн үеийнхтэй харьцуулахад 46.9 хувиар өссөн байна. Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэмтэж бэртсэн хүний тоо 55.6, хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг нэг цэгийн үйлчилгээний төв болон түр хамгаалах байруудаар үйлчлүүлсэн иргэдийн тоо 89 хувиар нэмэгджээ. Манайд жендерт суурилсан хүчирхийлэлтэй холбоотой асуудлуудыг Жендерийн эрх тэгш байдлыг хангах, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Хүүхэд хамгааллын, Эрүүгийн болон Зөрчлийн тухай зэрэг хууль, тэдгээрийн хүрээнд гаргасан дүрэм, журмуудаар зохицуулдаг. Хурлын төгсгөлд оролцогчдын санаа бодлыг тусган, жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үр дүнтэй шийдлийг тодорхойлж, бүх талын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь зүйтэй хэмээн зөвлөмж гаргалаа.
Бэлтгэсэн Б.Уран