Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Атаа гол” гэдэг газарт гарсан ойн түймрийг бүрэн унтраахаар онцгойгийнхон тав дахь өдрөө ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, аймгийн төвөөс зүүн зүгт 335 км, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 140 км-т ойн түймэр гараад дөрөв хонож буй. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид Хан Хэнтий тусгай хамгаалалтын газрын Байгаль орчны байцаагчид ажиллаж, өчигдрийн 18.25 цагт цурамд оруулжээ. Өдгөө түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.
Мөн Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Хавчуу” гэдэг газарт өчигдөр хээрийн түймэр дэгджээ. Түймрийн мэдээллийг 12.30 цагт хүлээн авсан байна. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, 21.00 цагт бүрэн унтраасан аж. Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 36 га талбай шатжээ.
Үүнээс гадна Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Баянгол багийн “Сөдийн худаг” гэдэг газарт урд шөнө 03.40 цагт түймэр гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 05.00 цагт түймрийн голомт руу хөдөлсөн байна.