Нийслэлийн Онцгой байдлын газраас ахуйн гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гал түймрийн тоо хохирол, эрсдэлийг бууруулах зорилгоор “Мартаж болохгүй” аяныг өнөөдрөөс зарлалаа. Нийслэлийн хэмжээнд 2016-2021 онд 12.378 объектын гал түймрийн дуудлага ирж, 102 том хүн, 32 хүүхэд гал түймэрт өртөн, амиа алдсан байна. Мөн 100 том хүн, 28 хүүхэд гал түймрийн улмаас эрүүл мэндээрээ хохирч, түлэгджээ. НОБГ-ын алба хаагчид 4894 иргэний амийг авран хамгаалж, байгууллага, иргэний 20.6 тэрбум төгрөгийн өмч, хөрөнгийг галын аюулаас хамгаалсан гэх тооцоо гарчээ. Өнгөрсөн хугацаанд бүртгэгдсэн объектын гал түймрийн хамгийн өндөр хувь буюу 4772 тохиолдол нь ил задгай гал, үнс нурам асгаснаас, тамхи, чүдэнзний цогоос үүдэлтэй. Үүний дараа яндангийн цонолт, цахилгаан угсралт, ашиглалтын буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гал түймрийн дуудлага бүртгэгдэж байна.