Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй статус хэмээн 1992 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 47 дугаар чуулганы үеэр зарласан. Өнгөрсөн хугацаанд уг статусаа эрх зүйн үндэстэй болгон баталгаажуулахад чиглэсэн бодлого, үйл ажиллагаа явуулж ирсэн юм. Тухайлбал, “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”-ын тухай тогтоолыг анх 1998 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 53 дугаар чуулганаар батлуулж байв. Үүнээс хойших хугацаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас тогтоолын хэрэгжилтийн талаар илтгэл гаргаж, тогтоол хоёр жил тутам батлуулж байна. Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орон Монгол Улсын цөмийн зэвсэггүй статустай холбогдуулан 2000 оны аравдугаар сард хамтарсан мэдэгдэл гаргаж, уг статуст баталгаа олгосон Хамтарсан тунхаглалд 2012 онд гарын үсэг зурсан. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээг Монгол Улс 1969, Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээг 1997 онд соёрхон баталжээ.
Бэлтгэсэн Б.Уран