Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан УИХ-ын чуулганы үеэр төрийн албан хаагчдын асуудлын талаар хөндсөн юм. Тодруулбал, тэрбээр,
“Монголын төрд хамгийн чадварлаг, хамгийн туршлагатай, хамгийн мэдлэгтэй хүмүүс орж ажиллах боломжийг бид нар хаасан юм байна. Одоо мэдлэггүй, чадваргүй, сэтгэлгүй, хүнд сурталтан царайлсан хэдэн нөхдүүд олон жил ажилласнаараа түрүү бариад дарга гэсэн ширээ сандалтай зууралдаад суудаг ийм л төртэй болсон.
Өөрөөс нь чадваргүй, өөрөөс нь мэдлэггүй, өөрөөс нь туршлагагүй нөхдүүд гарч ирээд толгой дээр нь суучихаад байгаа учраас л ард иргэд маань бухимдаад байгаа юм.
Тэгэхээр яагаад сургуулийн шилдэг сайн захирал өнөөдөр аймгийнхаа боловсролын салбарыг удирдаж болдоггүй юм бэ? Өнөөдөр боловсролын хүрээлэн, их дээд сургуулиуд дээр боловсрол судлалаараа 15, 20 жил ажиллаж байгаа хүн Монголын төрд зүтгэж байгаа биз дээ. Үйлчилгээний алба байна уу, төрийн алба байна уу адилхан Монголд нэг л төрийн алба байгаа.
Төрд зүтэж байгаа 200 мянган хүн дотор шилдгийн шилдгүүд нь байгаа шдээ. Эд нар яагаад өөрийнхөө салбарын захиргааны албан дээр дэвшин ажиллаж болдоггүй юм бэ? Боловсролын хүрээлэн дээр 15 жил боловсрол судлалаар мэргэшсэн хүн өнөөдөр яагаад яамныхаа газрын дарга болж болдоггүй юм бэ?
Монголын төрийн хүний нөөц бол маш цөөхөн, маш хомс юм билээ. Тэгэхээр энэ боломжуудыг бид нар олгох ийм л эрх зүйн шинэчлэлүүдийг хийх ёстой.
Ер нь дарга болчихсон бол яагаад 3-5 жилийн дараа дахин ажлаа дүгнүүлээд дэвшдэг, хэрэв хариуцлага алдсан бол албан тушаал буурч болохгүй гэж. Ер нь дарга хүн гээд дандаа дээшээ ахих ёстой юм уу. Монголын төрд шинэ салхи, шинэ менежмент оруулах боломжуудыг хүн бүхэнд олгох ёстой гэж харж байна” гэж хэллээ.