УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Г.Тэмүүлэн нарын гурван гишүүний өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцэж, асуулт хариулт ид өрнөж байна.
Уг хуулийн төсөлд улс төрийн албан тушаалтнуудад тавигдах шаардлагыг өндөрсгөх тухай асуудлыг тусгажээ.
Тодруулбал,
- Тухайн салбарын болон албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжилтэй, эсхүл тухайн чиглэлээр мэргэшсэн, эрдмийн зэрэг цол хамгаалсан байх;
- Тухайн салбарт 4-өөс доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- Төрийн албанд 4-өөс доошгүй жил ажилласан байх зэрэг шаардлага тавьж байгаа аж.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байна. Н.Учрал гишүүний хэлсэнтэй санал нэг байна. Хувь хүний зан төлөвийг хуульчилж болох юм уу. Тиймээс Г.Тэмүүлэн нарын болон Ё.Баатарбилэг гишүүний санаачилсан хоёр хуулийг нэгтгэх саналтай байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат: Одоо хэлэлцэгдэж байгаа хоёр хууль болон одоо УИХ-д өргөн баригдах Төрийн албаны ёс зүйн тухай, Төрийн албаны сонгон шалгаруулалтын тухай хуулиудын ажлын хэсгийг нэгтгэнэ. Ажлын хэсгийг нэг болгоно гэдэг нь цаашид нэгтгэсэн нэг хууль багцлан хэлэлцэнэ гэсэн үг. Хувь хүний зан төлөвтэй холбоотой шалгуурыг ажлын хэсэг дээр ярилцана.
УИХ-ын гишүүн Н.Учрал: Г.Тэмүүлэн нарын гишүүдийн өргөн барьсан хууль нь хуулийн техник, шаардлага хангахгүй байна. Хуулийг ингэж лоозонгийн шинжтэй боловсруулж болохгүй. Төрийн албаны тухай хуулиар ингэж хамаагүй оролдож болохгүй. Харин Ё.Баатарбилэг гишүүний санаачилсан хууль энэ хуулийн үзэл баримтлалаас шал өөр юм. Энэ хоёр хуулийг нэгтгэх боломжгүй.
Г.Тэмүүлэн нарын санаачилсан хуулиар улс төрийн албан тушаалтнуудад тодорхой шаардлага тавьж байгаа юм байна. Гэхдээ яаж хэмжих нь тодорхойгүй байна. Жишээ нь, аливаа гаж зуршилгүй, зан төлөвийн доголдолгүй гэж юуг ойлгох вэ. Гар хөлөө оролддог, нүүр амаа мааждаг онцлогтой хүмүүс байдаг. Тэр бүү хэл хамрын тамхи татах хүртэл гаж зуршилд орно. Зан төлөвийн доголдолгүй гэдгийг юугаар хэмжих вэ. Хүний эрхийг дээдэлдэг, шударга ёсыг эрхэмлэдэг, бусдын нөлөөнд автаггүй гэдгийг яаж мэдэх юм бэ.
Үүнээс бол дарга нар нь доод албан тушаалтнуудаа “Чи зан төлөвийн доголдолтой, хүний эрхийг дээдэлдэггүй” гэж ялгаварлан гадуурхвал яах вэ. Энэ шаардлага нийцээгүй гэж хэлээд албан тушаалаас нь чөлөөлөх нь. Ийм ойлгомжгүй хууль гаргах юм бол төрийн албан хаагчдыг хэлмэгдүүлж эхэлнэ шүү. Тиймээс хууль санаачлагчид ярьж ойлголцоод, нэгдээд оруулж ирж болдоггүй юм уу.
Хууль санаачлагч Г.Тэмүүлэн: Энэ хуулийн төсөлд дэх заалт нь зөвхөн улс төрийн албан хаагчдад хамаатай. Төрийн жинхэнэ албан хаагчдыг ямар нэг байдлаар хэлмэгдүүлэн заалт энд байхгүй. Монголд нийт 205 011 мянган төрийн албан хаагч байна. Үүнд 3 619 гаруй нь улс төрийн албан хаагч. Тиймээс намчирхаж, талцдаг, төрийн жинхэнэ албан хаагчдын хэлмэгдүүлдэг, мэргэжлийн бус хүмүүст шаардлага тавих хэрэгтэй байна.
Ё.Баатарбилэг гишүүний санаачилсан хуулийн төсөлд дэлхийн шилдэг их, дээд сургууль төгссөн иргэнийг төрийн захиргааны албан тушаалд шууд томилдог болох асуудлыг тусгасан нь багагүй шүүмжлэл дагуулж байв.