Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиудын шинэчилсэн найруулга, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулиудын төслийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.10.15) өргөн барилаа.
1. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
Нийгмийн даатгалын тухай хууль анх 1994 онд батлагдсан бөгөөд үүнээс хойш 26 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Өнөөгийн байдлаар Монгол Улсын ажиллах хүчний 80 орчим хувь нь нийгмийн даатгалд даатгуулж, жилд дунджаар давхардсан тоогоор 700 мянга орчим хүнд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, нөхөн төлбөр олгож байна.
Гэсэн ч нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх, хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжих, даатгалын сангийн ирээдүйн алдагдлыг бууруулах, нэрийн дансны хийсвэр бүртгэлийг мөнгөжүүлэх зорилгоор тэтгэврийн даатгалын сангийн бодит хуримтлалыг эхлүүлэх шаардлага үүсжээ. Түүнчлэн зарим салбарын хууль тогтоомжоор нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр тогтоох харилцааг зохицуулсан нь хуулийн хийдэл үүсэж байна.
Сүүлийн жилүүдэд нийгмийн даатгалын чиглэлээр авч хэрэгжүүлж буй зарим бодлого, үйл ажиллагаа болон ирээдүйд хүн амын насжилтаас хамаарч нийгмийн даатгалын сангийн зардал өсөж, тэтгэврийн даатгалын сангийн алдагдал нэмэгдэхээр байгаа тул нийгмийн даатгалын сангуудын санхүүгийн тогтвортой, бие даасан байдлыг хангасан сангийн зөв менежментийг хэрэгжүүлэх шаардлага тавигдаж байгаа юм.
Нийгмийн даатгалын харилцааг зөвхөн нийгмийн даатгалын хуулиар зохицуулах, нийгмийн даатгалын сангийн тогтвортой байдлыг бүрдүүлэх, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлгүй, үр өгөөжтэй удирдах, даатгалын сангийн бодит хуримтлалыг эхлүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.
2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг УИХ-аас 1994 онд баталснаас хойш тэтгэврийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх, тэтгэврийн сангийн чадавхийг бэхжүүлэх, шимтгэл ногдуулах болон тэтгэвэр тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тодорхойлох, тэтгэвэр тогтооход баримталсан цалин хөлсний дундаж хэмжээг тэтгэвэр авагчийн хүсэлтээр нэг удаа өөрчлөх боломжийг олгох, тэтгэвэр бодох жишиг цалинг тогтоох, үнэ ханшны өсөлт, амьжиргааны өртөгтэй уялдуулан тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, эхчүүдийн хүүхдээ асрах чөлөөтэй байгаа хугацааны шимтгэл төлөх харилцааг зохицуулах зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.
УИХ-аас нийгмийн даатгалын хууль эрх зүйн хүрээнд ажил олгогч болон даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2018 оноос үе шаттайгаар нэмэгдүүлж 19.0 хувьд хүргэх, өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх насыг 2018 оноос жил бүр 3 сараар нэмэгдүүлж, 2037 онд эрэгтэйчүүд, 2057 онд эмэгтэйчүүдийн өндөр насны тэтгэвэрт гарах насыг тус тус 65 насанд хүргэх, хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сараар нэмэгдүүлж тооцохоор хуульчилсан.
Мөн өөрийн хүсэлтээр эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох тохиолдолд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааг 2038 он хүртэл жил бүр 3 сараар нэмэгдүүлэх, малчны өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг 5 жилээр наашлуулах, тэтгэвэр тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дараалсан хугацааг 7 жил болгон өөрчилж, дундаж цалингийн хэмжээг мөн хугацааны цалин хөлсний нийт дүнг 84 сард хувааж тооцох зэрэг зохицуулалтуудыг тусгасан билээ.
Ийнхүү тэтгэврийн параметрийн өөрчлөлтүүд хийж байгаа ч хүн амын насжилт, тэтгэвэр авагчдын тооны өсөлт нь тэтгэврийн даатгалын сангийн зардал, улсын төсвийн ачааллыг нэмэгдүүлж, цаашид үүсэх асуудлуудыг нэг мөр шийдвэрлэж чадахгүйд хүргээд байгаа аж.