УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл санаачилж, өргөн барьсан талаараа өчигдөр мэдээлэл хийлээ. Өдгөө манай улсад 317 мянга орчим өндөр настан тэтгэвэр авч байна. Өндөр насны тэтгэврийг тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн таван жил буюу 60 сарын дундаж цалинг харгалздаг байсныг 2018 онд нэмэгдүүлж, долоон жил болгосон. Энэ нь иргэдийн гарт ирэх тэтгэврийн хэмжээг багасгахад хүргэсэн гэж үзэн эл төслийг санаачилжээ.
Өөрөөр хэлбэл, 2018 онд баталсан хуулийг хэрэгжүүлснээс хойш үүссэн зөрүүг олгох, шимтгэл төлсөн хугацааг долоо биш, таван жил болгон буцаахаар төсөлд тусгасан байна. Тэрбээр “Долоон жилийн цалингийн дунджаар бодоход тэтгэврийн хэмжээг доод тал нь 100 мянган төгрөгөөр бага тогтоож байгаа. Нийгмийн даатгалын шимтгэлээ шударгаар төлсөн иргэд “шударга бус” тэтгэвэр авч байгааг өөрчлөх шаардлагатай” гэж байлаа.
Бэлтгэсэн Б.Уран