УИХ-ын дарга Г.Занданшатар Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн төлөөлөлтэй уулзлаа. Тэд цар тахлын дараах эдийн засгийг сэргээх чиглэлээр хууль тогтоогчидтой хэрхэн хамтран ажиллах талаарх саналаа илэрхийлсэн юм. Тухайлбал, ирэх онд экспортыг нэмэгдүүлэх бүх талын ажлыг төр, хувийн хэвшил хамтран хийх шаардлагатай гэв. Тэр дундаа мах бэлтгэлд онцгой анхаарч, үйлдвэрлэлийг дэмжсэн зээлийн хүүг бууруулах, дотоодод үйлдвэрлэдэггүй тоног төхөөрөмж, түүхий эд, материал, сэлбэгийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх, байгууллага хооронд үүссэн өр, авлагыг шилжүүлэн тооцох зэрэг шийдвэр гаргуулахыг хүсэж байгаа юм байна. Төсвийн хөрөнгө оруулалтаар болон захиалгатай барилга, байгууламж барьж байгаа аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгуулах зэрэг 16 санал тусгажээ.
Мөн Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуульд буй, мэргэжлийн холбоодын үйл ажиллагаатай давхардсан төрийн эрх, үүргийг шилжүүлэх, хасах, бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах ёстойг хэлж байлаа. Зээлийн батлан даалтын сангийн, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай зэрэг хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэхэд тэдний төлөөллийг оролцуулах санал тавьсан юм. УИХ-ын дарга Г.Занданшатар эдгээр саналыг холбогдох байнгын хороодод танилцуулж, шийдвэрлэхийн төлөө ажиллахаа илэрхийлсэн. Мөн МҮХАҮТ, мэргэжлийн 50 гаруй холбооны төлөөлөл хамтран дээрх төслүүдийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж, байр сууриа нэгтгэх хэрэгтэй гэв.
Бэлтгэсэн Б.Уран