Завхан аймгийн сумдад баавгай орж ирсэн талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл энэ удаа Увс аймгийн Баруунтуруун сумын төвөөс 10 км зайд амьдардаг малчны хотонд өчигдөр 14:00 цагийн орчимд баавгай орж иржээ. Тодруулбал, эл баавгай Цагаанхайрхан сумын зүгээс ирсэн бөгөөд, тэнд байхдаа айлын ямаа барьж идсэн талаар нутгийн иргэд мэдээллээ.
Баруунтуруун сумын Засаг дарга С.Удаанжаргалаас энэ талаар тодруулахад "Баавгай Цагаанхайрхан сумд айлын ямаа барьсан гэх аман мэдээ сонссон. Өчигдөр манай сумын малчид хотонд орж ирсэн баавгайг үргээхэд, хойно байдаг шугуйг зүглээд явсан. Мөн Завхан сумын байгаль орчны мэргэжилтнүүд бамбарууш олсон гэнэ. Албаныхан түүнийг түр хамгаалалтад авсан бөгөөд энэ баавгайн зулзага байх магадлалтай аж. Өчигдөр шөнө цас орж, хүйтэн хоносон учир бид баавгайг хайхаар ажлын хэсэг гаргасан" хэмээн мэдээллээ.