Улсын Дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, нэр дэвшигч Д.Гангабаатарын талаар Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулав. Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас олонхын санал авсан Дашбалбарын Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд томилуулахаар санал болгожээ.
Дашбалбарын Гангабаатар нь 1978 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 43 настай. 1994-1998 онд Гадаад хэлний дээд сургуулийг орчуулагч мэргэжлээр, 2000-2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. 2003-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистр, 2008-2011 онд Нагояагийн их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан. Хууль зүйн ухааны доктор, Хууль зүйн сургуулийн профессор цолтой, англи, япон хэлтэй, орос, төвд, герман хэлний мэдлэгтэй болохыг Ц.Цогт шүүгч танилцууллаа.
Тэрбээр 1999 оноос эхлэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлын туслах, багш, эрдэмтэн-нарийн бичгийн дарга, дэд профессор, профессороор нийт 22 жил ажилласнаас 19 жилд нь багш, профессорын албан тушаалд ажиллажээ. 2007 онд Нидерланд Улсын Утрехтын их сургуульд зочин судлаач, 2008 онд Их Британийн Бэлфастын хатан хааны их сургуульд зочин судлаач, 2012 онд Америкийн Нэгдсэн Улсын Жон Маршаллын хуулийн сургуульд зочин судлаач, 2014 онд Япон Улсын Нагояагийн их сургуулийн дэд профессороор ажиллаж байсан аж. Нэр дэвшигч Дашбалбарын Гангабаатар нь Үндсэн хуулийн эрх зүйн сурах бичиг, нэг сэдэвт бүтээл, ном, илтгэлийн эмхэтгэл, гарын авлагыг 24-ийг дангаар болон хамтран хэвлүүлсэн байна. Англи болон монгол хэлээр эрдэм шинжилгээний өгүүллийг 20 удаа дангаар болон хамтран нийтлүүлжээ. Эрдэм шинжилгээний хурлуудад англи, монгол хэлээр илтгэл бичиж хэлэлцүүлсэн байна. Нэр дэвшигч нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан шаардлагыг бүрэн хангаж байгаа юм байна.
Хууль зүйн байнгын хороо уг асуудлыг 2021 оны аравдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, гишүүд санал нэгтэйгээр нэр дэвшигчийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахыг дэмжсэн байна. Улсын дээд шүүхийн санал, нэр дэвшигчийн танилцуулга, Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Л.Мөнхбаатар, Б.Энхбаяр, Ш.Адьшаа, Ц.Туваан, Т.Доржханд, Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл нар асуулт асууж, нэр дэвшигчээс хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь нар Улсын Дээд шүүхийн санал, нэр дэвшигчийн танилцуулгатай холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийллээ.
Санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 43 гишүүний 34 нь Дашбалбарын Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд томилуулах Улсын Дээд шүүхийн саналыг дэмжлээ. Үүгээр “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсан. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тогтоолыг бүрэн эхээр нь уншиж танилцууллаа. Улсын дээд шүүхийн санал болгосноор Д.Гангабаатарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Д.Солонгыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөхөөр тогтоолд тусгажээ.