Энэ онд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт төсвийн хөрөнгө оруулалтаар хийх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцан, шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Төсвийн байнгын хорооноос өнгөрсөн тавдугаар сард байгуулсан. Тус ажлын хэсгийнхэн хуралдаж, тайлангаа хэлэлцжээ. Ажлын хэсгийн ахлагч, гишүүн Х.Ганхуягийн танилцуулснаар дэлхийн зах зээлд барилгын материалын түүхий эдийн үнэ өсөж, тэдгээрийн нийлүүлэлт хомсодсоноос тээвэрлэлтэд хүндрэл үүсэж, улмаар төсөл арга, хэмжээнүүдийн биелэлт удааширч, 25.5-37 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Мөн барилгын материалын үнийн өсөлтөөс (дунджаар 45 хувь) шалтгаалж тэдгээрийн төсөвт өртгийг нэмэгдүүлэх нөхцөл үүссэн хэмээн дүгнэжээ. Тэд дүгнэлтээ тусгасан тогтоолын төсөл боловсруулан, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын болон Төсвийн байнгын хорооны хамтарсан тогтоол гаргахаар санал нэгдсэн байна.
Бэлтгэсэн Б.Уран