Байгалийн нөөцийн замбараагүй ашиглалт, хүмүүсийн буруутай үйл ажиллагаа хушин ойд ихээхэн хохирол учруулж буй талаар “Тэнгэрлэг Монгол” төрийн бус байгууллагынхан өчигдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэд “Дэлхийн хуш модны нөөцийн 1.8 хувь нь Монгол орны есөн аймагт тархан ургадаг. Хүмүүсийн буруугаас болж үүний дийлэнх нь хатаж, хорчийж, үхсэн. Өнгөрсөн онд монголчууд 25 мянган тонн самар түүж, экспортолжээ. Энэ жил 16 мянган тонныг бэлтгэх зөвшөөрөл олголоо. Самрын ургац эрс багассан нь илт байхад хэдэн мянган тонныг түүлгэх тушаал гаргасан нь оновчгүй, байгальд хохиролтой шийдвэр. Тиймээс БОАЖ-ын сайд эл шийдвэрээ эргэн харж, өөрчлөхийг хүсье” гэв.
БОАЖЯ самрын ургац бага жил аж ахуйн нэгж, иргэдийг ой руу “оруулсан” нь Ерөнхийлөгчийн тэрбум мод тарих санаачилгатай зөрчилдсөн шийдвэр гэж тэд онцлоод “Төрийн бодлого уялдаа холбоотой, нийцтэй байх ёстой” хэмээн дурдлаа. Ойн нөөцөө хамгаалъя, одоогийнхоос доройтуулахгүй гэвэл самарчдыг нэн даруй уулнаас буулгах хэрэгтэй хэмээн “Тэнгэрлэг Монгол”-ынхон үзэж байна.
Бэлтгэсэн Ж.Мишээл