Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр Монгол Улсын нэгдсэн төсөв болон 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг сэргээх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих чиглэлээр тодорхой арга хэмжээ хэрэгжүүлсэн. Мөн халдварын эрсдэлийг цаг алдалгүй бууруулж, зорилтот бүлгийн хүн амыг бүрэн, нийт хүн амын 65 хувийг вакцинжуулаад байгаа аж. Үүний үр дүнд 2021 оны эхний хагас жилд эдийн засаг 6.3 хувиар тэлж, жилийн эцэст 6.5, ирэх онд таван хувьд хүрэн, цаашид өсөлт тогтворжих төлөвтэй хэмээн тооцоолжээ.
Төсвийн тухай хуулийн төслийг цар тахлын дараах улс орны эдийн засгийг эрчимтэй сэргээхэд чиглүүлжээ. Хөдөлмөр эрхлэлт, бүтээмжийг нэмэгдүүлэх, улмаар эдийн засгийг төрөлжүүлж, дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах төсөв, санхүүгийн шинэчлэлийн бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа аж. Иймд эдийн засгийг сэргээх бодлого, төсвийн шинэчлэлийг 2022 онд хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан үндсэн үзүүлэлтүүдэд өөрчлөлт оруулах нөхцөл үүссэнийг Сангийн сайд онцолжээ. 2022 оны төсвийн нийт орлого 16.4 их төгрөг байна. Үүнээс Тогтворжуулалтын сангийн 700 орчим тэрбум төгрөгийн орлогыг хасаж тооцсоноор төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 15.7 их наяд болох аж. Харин зарлагыг 18.1 их наяд төгрөг байхаар тооцжээ. Ингэснээр төсвийн зарлага 2.4 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувьтай тэнцэх юм байна. Хуулийн төслийг баталснаар Төсвийн хүрээний мэдэгдэл дэх эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг шинэчлэн тооцож, төсөв, санхүүгийн шинэчлэлийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэхээс гадна ДНБ-ийг тэлэх том төслүүдийг эхлүүлэх гэнэ.