Үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар хэр хэмжээний самар хаанаас түүлгэх вэ гэдгийг “Ойн судалгаа, хөгжлийн төв” ТӨҮГ шийддэг. Тэд энэ жилийн нөөцийг маш муу гэж үнэлсэн. Үүнд үндэслэн БОАЖ-ын сайд иргэд, аж ахуйн нэгжийг дөрвөн аймгийн есөн сумаас дээрх зориулалтаар самар түүж, бэлтгүүлэхээр болсноо мэдээлсэн. Тодруулбал, Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ, Мөнгөнморьт, Хэнтийн Өмнөдэлгэр, Батширээт, Сэлэнгийн Хүдэр, Ерөө, Мандал, Өвөрхангайн Бат- Өлзий сумаас үйлдвэрлэлийн зориулалтаар 8000, ахуйн хэрэгцээнд 6000 тонн самар түүлгэх боломжтой гэсэн юм.
Эндээс дээрх дөрвөн аймгийн есөн сум бүгд самар түүх иргэд, аж ахуйн нэгжид нээлттэй гэж ойлгогдохоор буй ч бодит байдал дээр тийм биш. Ойгоос хуш модны самар бэлтгэж, ашиглахыг бүсчлэн тогтоох тухай сайдын тушаалд “Тусгай хамгаалалттай газар нутагт ахуйн зориулалтаар самар түүхийг хориглоно” гэсэн өгүүлбэр бий. Гэтэл зөвшөөрөл бүхий есөн сумын найм нь, нийт газар нутгийн 90 орчим хувь нь Хан Хэнтийн нурууны улсын тусгай хамгаалалттай бүсэд хамаарч байна. Тодруулбал, тэдгээрийн 10 хувь нь л иргэдэд нээлтэй гэсэн үг.
Тусгай хамгаалалттай бүс хариуцсан хамгаалалтын захиргааныхан “Зөвхөн аж ахуйн нэгжүүдэд эрх олгоно” гэсэн БОАЖЯ-ны шийдвэрийг баримталж буй бол иргэд “Квотод багтсан аль ч бүсээс самар түүж болно. Тусгай хамгаалалттай, хамгаалалтгүй гэж ангилаагүй” хэмээн мэдэмхийрч, байгаль хамгаалагчдад төвөг чирэгдэл учруулах болжээ. Дөрвөн аймгийн есөн сумаас самар түүхийг зөвшөөрлөө гэсэн мэдээлэл түгсэн даруйд иргэд ууланд бүгж, отоглосон байна. Самар түүж амьжиргаагаа залгуулдаг иргэд Хөвсгөл, Завхан, Увс гэхчлэн холын аймаг, сумдаас хүртэл зорин иржээ.
Тус хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Д.Отгонбаяр “Иргэд хүчрэгдэхээ болилоо. Хяналтын цэгүүдээр тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй, уулын аманд байгаль хамгаалагчид эргүүлд гарч байна. Морьтой иргэд оройн цагаар, саад бэрхшээл ихтэй замаар хулгайгаар зорчиж, ойд хүрэх боллоо. Ууланд отоглож самар түүж байгаа хүн өчнөөн. Тоог нь мэдэхгүй. Шаардлага тавихаар хүлээж авахгүй юм. Цагдаагийн байгууллагатай хамтарч тэднийг уулнаас буулгах төлөвлөгөөтэй” хэмээн өгүүлэв. Мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын байгаль хамгаалагч Ө.Энхтүвшин “Өнгөрсөн жил самрын ургац арвин байсан. Энэ жилийн судалгаагаар өмнөх онуудынхаас 3-4 дахин бага нөөцтэй гэж дүгнэсэн юм билээ. Ашгүй, энэ удаа хуш мод амрах нь, байгальд бохирдол үүсэхгүй нь гэтэл ялгаагүй л хөл хөдөлгөөн ихтэй байна. Сум байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын байцаагчийн нэг, нэг орон тоотой. Хоёр хүн самарчидтай яаж тэмцэх билээ. Ядаж хавар, намрын хуурайшилт их, эрсдэл өндөр үед хүч нэмэгдүүлэх чиглэлд анхаарна уу гэдэг хүсэлтийг сум дундын ойн анги болон тусгай хамгаалалттай бүсийн хамгаалалтын захиргаанд илгээсэн” хэмээн ярилаа.
Самарчид “Төрийн шийдвэр чухал уу, тусгай хамгаалалттай газрын эрх ямба илүү юү” хэмээн даналзаж, байгаль хамгаалагчдын шаардлагыг хүлээж авахгүй байгаа учраас хамгаалалтын захиргааны дарга дахин тушаал үйлджээ. Яамны шийдвэрийг иргэдэд илүү тодорхой болгож, энэ жил тусгай хамгаалалттай бүсээс самар түүх хориотой гэдгийг албажуулан, Ерөө, Чулуут, Туул, Хэрлэн, Онон, Тэнүүн, Ноён уулын хэсгийн ахлагчдад тусгайлан үүрэг чиглэл өгчээ.
…Иргэдийн ахуй амьжиргаа, ойгоос төвлөрүүлэх эдийн засгийн үр өгөөж гэхчлэн олон асуудал хөндөгдөх байх. Гэхдээ жилийн жилд самарчдын хөлд дарагдаж, нүдүүлсээр (мунадах) тэнхэлгүй болсон хушин ойгоо хамгаалахын тулд, ирээдүйд илүү их өгөөж хүртэхийн төлөө ганц удаа өнжөөхөд яагаад болохгүй гэж…
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар бол иргэд самар түүхдээ кг тутамд 500, аж ахуйн нэгжүүд 800 төгрөг улсад тушаах учиртай. Харин хориотой газраас түүсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу кг тутамд 150 мянган төгрөгийн нөхөн төлбөр ногдуулах учиртай. Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад “Дархан цаазат газарт самар түүх зорилгоор нэвтэрсэн хүн болгонд хууль ёсны арга хэмжээ авч, торгоно” хэмээн мэдэгдээд байна. Гэвч байгалийн баялгийг хэзээнээсээ үнэгүй, хайр гамгүй ашиглаж хэвшсэн самарчид эл шийдвэрт захирагдахгүй, торгуулийн мөнгөнд түүртэхгүй байгааг байгаль хамгаалагчид хэлсэн юм.
Гурван жил тутмын нэгт нь самар бага ургадаг. Судлаачид үүнийг байгаль өөрийгөө сэргээж, нөхөн төлжүүлэх амралтын үе гэж үздэг юм билээ. Энэ удаа урьд урьдынхаас онцгой бага ургасан учраас зөвхөн үйлдвэрлэлийн зориулалтаар 10 мянган тонноос ихгүй хэмжээний самар түүлгэе гэдэг саналыг “Ойн судалгаа, хөгжлийн төв”-ийн судлаачид гаргасан ч БОАЖЯ үл хайхарч, шийдвэр гаргажээ. Ингэхдээ агуулга, хэлбэрийн зөрчилтэй, ойлгомжгүй тушаал гаргаснаас хамгаалалтын захиргаа болон иргэдийн дунд одоогийн үл ойлголцол, зөрчлийн эх үүсвэр тавигдаж, будилаан үүсжээ. Эхнээсээ “Та нарт ийм өчүүхэн хэсэг ногдох нь. Эндээс самар түүж, бэлтгэх боломжтой” гэдгийг иргэдэд ойлгомжтойгоор тайлбарлаж, мэдээлсэн бол байдал иймдээ тулахгүй. Байгаль хамгаалагчдын нуруун дээрх ачаа хөнгөрнө. Бүр эсвэл ахуйн зориулалтаар хушны “жимс” түүхийг тас хориглох боломж байлаа, яамны эрх мэдэлтнүүдэд. Судлаачид ч энэ талаар тодорхой санал, дүгнэлтээ уламжилж байв.
Иргэдийн ахуй амьжиргаа, ойгоос төвлөрүүлэх эдийн засгийн үр өгөөж гэхчлэн олон асуудал хөндөгдөх байх. Гэхдээ жилийн жилд самарчдын хөлд дарагдаж, нүдүүлсээр (мунадах) тэнхэлгүй болсон хушин ойгоо хамгаалахын тулд, ирээдүйд илүү их өгөөж хүртэхийн төлөө ганц удаа өнжөөхөд яагаад болохгүй гэж. БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрынхан “Манай орны байгалийн ой бүхий талбайн тав хүрэхгүй хувьд хуш ургадаг. Ойн дагалт баялгийн ашиглалтаас улбаатайгаар хушин ойн 40 хувь нь доройтсон. Цаашид ойн сангаа хамгаалж, эдийн засгийн үр өгөөжийг нь сайжруулъя гэвэл замбараагүй ашиглалтыг хязгаарлах хэрэгтэй” хэмээн халагласан атлаа түүнийгээ бодитоор хэрэгжүүлэх дорвитой алхам хийж чадалгүй өнөөдрийг хүрлээ. Мунаар “зэвсэглэсэн” самарчдын балгийг хушин ой, байгаль хамгаалагч хоёр л үүрэх тавилантай аж, хөөрхий.
Бэлтгэсэн Ж.Сувд