Монгол Улсад худалдааны салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд ХХААХҮЯ, НЗДТГ, МҮХАҮТ хамтран “Улаанбаатар түншлэл-2021“ олон улсын үзэсгэлэнг өчигдөр нээв. 46 дахь жилдээ зохион байгуулж буй уг үзэсгэлэнд хүнс болон хөнгөн үйлдвэр, үйлчилгээ, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын 70 гаруй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч оролцож буй аж. Тэд “Мишээл экспо” төвд ирэх даваа гараг хүртэл 10.00-19.00 цагт бараа, бүтээгдэхүүнээ танилцуулах нь. “Улаанбаатар түншлэл” нь үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг олон нийтэд таниулах, брэнд бүтээгдэхүүнийг сурталчлах, олон улсын стандартад нийцсэн импортын барааг дотоодын зах зээлд нэвтрүүлж, экспортыг дэмжих зорилготой. Түүнчлэн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн түншлэлийг өргөжүүлж, зах зээлээ тэлэх боломжоор хангахыг зорьж буй аж. Уг үзэсгэлэнг trademongolia.mn цахим хуудсаар сонирхох боломжтой.
Бэлтгэсэн С.Дулам