2020 оны сонгуулиар бүрдсэн УИХ хоёр дахь намрын чуулганаа өнөөдөр нээнэ. Орон нутгийн болон Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль нэгэнт ард хоцорсон тул хууль тогтоогчид худлаа нялганалгүй, хамгийн бодитой, хөрсөн дээрээ бууж ажиллах цаг хугацаа үүгээр эхэлж байна гэж хэлж болно. Эхнээсээ ч энэ нь мэдрэгдэж байна. Тухайлбал, Сангийн сайд Б.Жавхлан ирэх жилийн төсвийн онцлогийг “2019 оноос хойш үргэлжилж байгаа эдийн засгийн цохилт, уналтыг тогтворжуулах, улмаар дунд, урт хугацаанд тогтвортой хөгжлийн суурийг баттай бий болгохыг зорьсон, хатуу зорилго тавьсан. Ирэх онд бид хөгжлийн төсөвтэйгөөр ажиллана. Бидэнд олон том сорилт тулгарч байна. Төсвийн шинэчлэлийг үргэлжлүүлэхэд бэлэн байх ёстой” хэмээн тодорхойлно лээ. Өөрөөр хэлбэл, төсөв, санхүүгийн хувьд чангална гэдгээ мэдэгдчихлээ. Гэхдээ УИХ ч, Засгийн газар ч ийн хөрсөн дээрээ бууж ажиллах хугацаа тун богино. 2023 он гарав уу, үгүй юү тэд төрийн эрх барих дээд байгууллагын хүндэт индрийг дараа жилийн сонгуулийн “шоу”-ны тайз болгох нь тодорхой. Үндсэндээ хамгийн ажил хэрэгч байж чадах чуулган хоёр, гурав л бий гэсэн үг.
Энэ удаагийн чуулганаар 70 гаруй хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн. Харин хэдэн өдрийн өмнө УИХ-ын дарга захирамж гаргаж, энэ сард хэлэлцэх асуудлуудыг тухайлан нэрлэв. Ирэх оны улсын төсөв болон мөнгөний бодлогын төслөөс гадна 20 гаруй хууль, тогтоолын төслийг захирамждаа жагсаан бичжээ. Гэхдээ тэдгээрт УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай 75 дугаар тогтоолд дурдсан төслүүдээс нэг нь ч алга. Өөрөөр хэлбэл, намрын чуулганаар хэлэлцэнэ гэж төлөвлөсөн төслүүдээ лав л энэ сардаа хойш тавих нь. Ингэснээр өмнөх чуулганы үед хэлэлцүүлгийг нь эхлүүлсэн төслүүдээс цөөнгүйг нь аравдугаар сард багтаан батлах бодлого барьж буй бололтой.
Тухайлбал, Зөвшөөрлийн тухай хуулийн хоёр ч төсөл бий. Нэгийг нь С.Бямбацогт нарын 20 гаруй гишүүн, нөгөөг нь Засгийн газраас УИХ-д өргөн барьсан бөгөөд тэдгээрийг нэгтгэн хэлэлцэхээр ажлыг хэсэг байгуулсан. Мөн УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн төслийг өнгөрсөн хаврын чуулганыг хаахын өмнөхөн нэр бүхий гишүүд өргөн бариад буй. Ажлын хэсгийг нь ч байгуулчихсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах үйл хэргийн нэгээхэн хэсэг гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүд төсвийн болон томилгооны эрхээсээ татгалзаж, хууль тогтоох, хэрэгжилтийг нь хянан шалгах үндсэн чиг үүрэг нь өргөжсөн учраас энэ хуулийг батлах гэж буй. Тус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд зоогоогүй байхдаа л УИХ-ын дарга Г.Занданшатар энэ хуулийг ирэх намар батална хэмээн мэдэгдсэн. Тэгж яривал өнгөрсөн хаврын чуулганаар л ийм хуультай болно гэж яриад байсан л даа. Үүгээр сонгодог парламентын засаглалаа бэхжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлнэ гэж хууль тогтоогчид найдаж байгаа. Улмаар парламентын хянан шалгах чиг үүрэг шинэ шатанд гарч, хариуцлага сахилга, ёс зүйн тогтолцоо төгөлдөржиж, нийгэмд шударга ёс тогтооход томоохон ахиц, дэвшил гарна гэж үзэж буй. Гэвч энэ хуулийг батлан хэрэгжүүлснээр хууль тогтоох байгууллага нь Хянан шалгах хороо болчих вий гэсэн болгоомжлол бас бий. Тухайлбал, УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэн энэ хуулийн ач холбогдлыг тайлбарлахдаа шүүх засаглал, эрүүдэн шүүлт, улстөрчдийн үе үе барьж авдаг сэдэв болох “С.Зоригийн” гэх хэрэг, үүнд буруутгагдан ял эдэлж байсан Т.Чимгээ нарын хүмүүсийн талаар цохон тэмдэглэж, буруу бүхнийг хазаарлан зогсоогч нь парламент байх ёстой, иймийн тулд УИХ-ын хяналтыг хүчтэй болгох шаардлагатай хэмээн олонтоо оршил болгон ярьж ирсэн. Энэ мэтээс үүдэж гүйцэтгэх засаглалынханд хуулиар олгосон хяналт, шалгалтын чиг үүргийг нь хууль тогтоогчид булаацалдаж, үйл ажиллагаанд нь хэт хутгалдах вий хэмээн хардах үндэслэл мундахгүй аж.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд 31 хуулийг шинэчлэхээс 12-ыг нь баталсан. Хэлэлцүүлгийн шатанд дөрвөн төсөл байгаагийн нэг нь энэ. Мөн Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг нэрлэж болох ч одоогоор аль аль жагсаалтад алга. Уг нь үүнийг намрын чуулганаар хэлэлцүүлэх шаардлагатайг УИХ-ын дарга хэлж байсан. Харин Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ сард хэлэлцэхээр төлөвлөжээ.
Үлдсэн 20 орчим хуулийн нэлээдийг нь энэ удаагийн чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд багтаасан ч Засгийн газрын тусгай сангийн, Ард нийтийн санал асуулгын, Хууль, тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Улс төрийн намын болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг жагсаалтаас хайгаад олсонгүй. Тэр дундаа Улс төрийн намын болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг шинэчлэх хүлээлт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2019 онд батлахаас ч өмнө үүссэн билээ. УИХ 2012 оноос хойш гурван бүрэн эрхийнхээ хугацаанд улс төрийн намын эрх зүйн орчныг шинэчлэх, санхүүжилтийнх нь ил тод байдлыг хангах хуультай болохоор ажиллаж байгаа ч дэлгээд үзүүлэх төсөл ч үгүй суугаа нь нууц биш. Улс төрийн намын эрх зүйн орчныг шинэчлэх чиглэлээр парламент олон жил ажиллаж байгаа нэртэй өнөөдрийг хүргэсэн нь намуудын, тэр дундаа хамгийн удаан эрх барьж байгаа МАН-ынхны хүсэл зориг, хүчин чармайлттай шууд холбоотой. Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй нь эвлэлдэн нэгдэж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллах улс төрийн намыг байгуулах, тэдгээрийн дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байхаар Үндсэн хуульд 2019 онд тусгасан. Эдгээр болон нийгэмд нэгэнт бий болсон хүлээлт, гажуудлыг засаж, хариулт болохуйц эрх зүйн орчныг л бүрдүүлэх ёстой. Уг нь эдгээр төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулан, үйл ажиллагааг нь эрчимжүүлэхийг УИХ-ын дарга даалгасан сураг гарсан. Тэр ч бүү хэл, энэ оны есдүгээр сарын 15 гэхэд төслүүдийг эцэслэн боловсруулж, өргөн барих даалгавар өгсөн ч таг чиг. Тиймээс ч энэ удаагийн чуулганаар ядаж үзүүлэх төсөлтэй болчихвол их дэвшил гэж баярлах нь бололтой.
Хууль тогтоогчдын хувьд хамгийн ачаалалтай үе жил бүрийн аравдугаар сар байдаг. Тэгвэл тэд энэ удаа ирэх жилийн төсөв, мөнгөний бодлогоос гадна 20 гаруй бие даасан хуулийг шинэчилж, нэмэлт, өөрчлөлт оруулан батална гэвэл ёстой л хонон өнжин ажиллах мэт санагдана. Үүнтэй холбоотойгоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд батлах хуулиуддаа хүрэлгүй, УИХ-ын даргын хэлсэнчлэн эрх зүйн “хувьсгалаа” үргэлжлүүлж чадалгүй энэ чуулганыг дуусгах вий. Уг нь хамгийн чанартай хууль батлах магадлалтай энэ чуулганаар суурь хуулиудаа шинэчилж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтүүдээ “амилуулж” чадвал сайн сан.