Таксинд өнгөрсөн даваа гарагт гар өргөв. “Приус-30” маркийн машинтай, 40 орчим настай жолооч бүсгүй зогслоо. Шатахууны үнэ нэмэгдэж, өргөн хэрэглэдэг АИ-92 төрлийн бензин нэг литр нь 2050 төгрөгт хүрсэн. Үүнээс хойш такси километрийг нь 1300-1500 төгрөгөөр тооцон үйлчилж буй. Тиймээс иргэд суунгуутаа км-ийг нь хэдэн төгрөгөөр тооцохыг нь тодруулж асууж байгаа. Зарим тохиолдолд хямдруулан тохиролцож буй.
Энэ л жишгээр асуулаа. Мөнөөх бүсгүй “2000 төгрөг” гэж хээвнэг дуугарав. Яагаад ийм өндөр үнээр үйлчилж байгааг нь лавлахад “Шатахуун хомсодсон учраас өнгөрсөн долоо хоногийн баасан гаргаас хойш ийм үнээр үйлчилж байна. Бүх такси 2000 төгрөгөөр үйлчилж эхэлсэн” гэж хариуллаа. Ингээд таван км зам туулаад 10 мянган төгрөг төлөхөөр болов. “Та дараалалд их удаан зогсож, шатахуун худалдаж авсан уу” гэж асуухад “Шатахуун хомдохоос өмнө банкаа дүүргэчихсэн байсан. Хоёр, гурван өдөр халтуур хийгээд, өнөө өглөө дахиад банкаа дүүргэчихлээ. Станцууд шатахуун худалдахдаа хязгаар тавихаа больсон байна” гэв.
Шатахууны хомсдол намжсан ч мөнөөх бүсгүй 2000 төгрөгөөр үйлчлэх сонирхолтой байгаа аж. Зөвхөн энэ эмэгтэй гэлтгүй “таксичид” 2000 төгрөгөөр үйлчилнэ гэж байгаа талаар иргэд гомдоллож байна. Нөгөөх эмэгтэй жолооч “2000 төгрөгөөр үйлчлэх урамтай юм. Өнгөрсөн бямба гарагт түгжрэл багатай байсан. Бүтэн өдөр явж олдог орлогоо үдээс өмнө л олсон” гэж ярилаа. Монголчуудын далимдуулдаг, шуналтай арай ч дээ гэмээр муухай зангийн илрэл энэ. Нө гөөтээгүүр, зах зээлийн жам юм шиг. Шатахуунгүй болсон хүмүүс такси барина. Өөрөөр хэлбэл, такси барих эрэлт өснө. Эрэлтийг дагуулж үнээ өсгөсөн хэрэг. Гэхдээ энэ бол маш шударга бус, ашиг хонжоо хэт хайсан үйлдэл юм.
Чоно борооноор гэдэг үг бий. Чоно бороо орохоор хонь руу дайрдаг бол муу хүн юмны сиймхий, чөлөөг хүлээж байдаг. Шатахууны хомсдол үүсэж, хязгаарлалт хийсэн хэд хоногийн сиймхийг таксины жолооч нар ашиглан ихээхэн орлоготой байжээ. Бэсрэг тооцоолол хийж үзье. “Приус-30” маркийн автомашин дунджаар 100 км-т найман литр шатахуун зарцуулдаг аж. Үүнийг одоогийн үнээр 16 400 төгрөгөөр худалдаж авна. Харин км-т 2000 төгрөгөөр үйлчилнэ гэж тооцвол 100 км-т 200 мянган төгрөгийн орлого олно. Мэдээжийн хэрэг такси сул явна. Нийт 100 км-ын 70-д нь зорчигч тээвэрлээд, 30-д нь сул явсан гэж тооцъё. Тэгэхээр 100 км зам туулж, 16 400 төгрөгийн зардал гаргаад, 140 мянган төгрөгийн орлого олно гэсэн үг. Гаргасан зардлаасаа найм дахин өндөр ашиг, орлого олж буй бизнес бол мөлжлөг юм.
…Улаанбаатарт такси үйлчилгээг хөгжүүлэх бодлого баримтлах хэрэгтэй юм. Нэгдсэн стандарт, үнэ тарифтай болчихвол нийтээр л түүнийг баримжаална. Одоо ямар ч стандарт, нэгдсэн үнэ, тариф байхгүй болохоор иргэд машины эзний амыг харж, их төлбөр нэхлээ гэж хэрүүл хийж явна…
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынхан үүнд зохицуулалт хийж, арга хэмжээ авах ёстой. Хэрэглэгч гомдол гаргаж, баримттай мэдээлэл өгсөн тохиолдолд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынхан шалгаж хариуцлага тооцож болохыг хэвлэлийн төлөөлөгч нь дуулгав. Гэвч шатахууны хомс долыг далимдуулан такси үйлчилгээнийхээ хөлсийг 500 төгрөгөөр нэмсэн талаар нэг ч гомдол санал ирүүлээгүй гэх юм. Монголчууд хэрэглэгчийнх нь хувьд эрх ашиг нь хөндөгдсөн тохиол долд худалдагч болон үйлчилгээ үзүүлэгч талд бухимдаад л өнгөрдөг. Түүнээс биш хэр барагтай эрх ашгаа хамгаалуулахаар хууль хяналтын байгууллагад хандаад байдаггүй. Тиймээс таксины үйлчилгээ үзүүлэгчид ийнхүү даварч байна.
Улаанбаатар хот нэг сая гаруй хүн амтай. Гэсэн ч таксины үйлчилгээ маш сул хөгжсөн. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд нэгдсэн стандарт, үнэ тариф бий болгоогүй. Дийлэнх тохиолдолд хувь хүмүүс унаагаараа таксины үйлчилгээ үзүүлж байна. Нэгдсэн стандарт, үнэ тариф байхгүй учраас тухайн хүнтэй тохиролцож үйлчилгээ авдаг. Иймээс л шатахууны хомсдол үүсэнгүүт далимдуулан үнэ нэмсэн. Таксины үйлчилгээ үзүүлж буй хүмүүс амандаа орсон тоог хэлэх нь бишгүй. Нэг км-т 1000 төгрөгөөр үйлчилдэг байх үед гарсан бодит хөлсөн дээр 500-1000 төгрөг нэмж авах нь гэм биш, зан байлаа. Одоо нэг км-т 1500 төгрөгөөр үйлчилдэг болсноос хойш хүмүүс илүү нарийн тооцож, хөлсөө төлдөг болжээ.
Зарим хүн таксины үйлчилгээ үзүүлэгчид нэг км-т 1500 төгрөгөөр үйлчилдэг болж хөлсөө 50 хувь нэмснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Сүүлийн үед зах зээлд үйл ажиллагаа явуулж эхэлсэн “UB CUB” таксины үйлчилгээний үнийг нэг км-т 1500 төгрөг болгож нэмжээ. Тиймээс ганц жишиг гэж буй компани учраас үнийг 1500-д тогтоох нь тодорхой болсон гэж хувиа раа үйлчилгээ үзүүлэгч нар ярьж байна. Газрын тосны ханшийг дагаад шатахууны үнэ хэлбэлздэг. Өнгөрсөн хоёр жилд шатахууны үнэ 500 төгрөгөөр хямдарч байсан. Тэгвэл таксины хөлс 100 төгрөгөөр ч буураагүй. Уг нь шатахууны үнэ хямдрахаар дагуулж бууруулдаг механизм бүрдүүлэх ёстой.
Ингэхийн тулд нийслэлийн засаг, захиргаанаас Улаанбаатарт такси үйлчилгээг хөгжүүлэх бодлого баримтлах хэрэгтэй юм. Нэгдсэн стандарт, үнэ тарифтай болчихвол нийтээр л түүнийг барим жаална. Одоо ямар ч стандарт, нэгдсэн үнэ, тариф байхгүй болохоор иргэд машины эзний амыг харж, их төлбөр нэхлээ гэж хэрүүл хийж явна. Таксины үйлчилгээг 2000 төгрөгийн хөлсөөр хүргэж буй хүмүүс арай шуналтай байна. Такси барьснаас алхсан нь дээр болжээ.