Өнгөрсөн хавар Монголын говьд элсэн “цунами” болж, хоттой мал дарагдсан, шуурга сөрсөн малчид амиа алдсан харамсалтай үйл явдал болсон. Гадаадын томоохон хэвлэлүүд энэ сэдвийг алдалгүй “шүүрэн авч”, нүүдэлчдийн өлгий нутаг цөлжихөд ойрхон байна хэмээн мэдээлсэн юм. Цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр БОАЖЯ, ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнтэй хамтран ажилладаг хятад, солонгос судлаачид ирэх жилүүдэд илүү үр дүнтэй ажиллахаа хэлсэн. Өмнөд хөршийн ой судлалын академийн харьяа Цөлжилтийн төв манай улсын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлсэн. Энэ үед монголчууд цөлжилтийн асуудлыг инээд наргиан болгоод өнгөрөөсөн.
“Мод тарихдаа хүртэл гадаадынхнаас тусламж авах гэж, дэлхийн шившиг боллоо” хэмээн халаглах, ичих хүн олон байв. Гэтэл одоо “Өөр орон, олон улсын байгууллагын дэмжлэггүй л бол бид цөлжилтийг сааруулах хэмжээний мод тарьж чадахгүй” гэж бэрхшээж байна.
Манай Ерөнхийлөгч НҮБ-ын ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганы индрээс “Дэлхийн хоёр тэрбум гаруй хүний ахуй амьжиргаанд заналхийлж байгаа цөлжилтийн аюулыг намжааж, шар шороон шуурганы давтамжийг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь мод тарих. Өдгөө манай орны нутаг дэвсгэрийн багагүй хувь нь цөлжиж, доройтсон. Тиймээс 2030 он хүртэл тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих зорилт дэвшүүлсэн” хэмээн зарлав. Олон орны удирдагч, Засгийн газрын гишүүд чуулсан эл арга хэмжээний онцлох үйл явдал, “тренд” сэдэв нь тэрбум мод тарих санаачилга байлаа. Дэлхийн цаг уурын байгууллага, НҮБ-ын Уур амьсгалын ногоон сангийнхан энэ талаар онцолж, “Монголчууд цөлжилтийн эсрэг бодитой арга хэмжээ авахаа олон улсын өмнө амлалаа”, “Монгол Улс цөлжилт, шар шороон шуурганы эсрэг дэлхий нийтийн тэмцэлд үнэтэй хувь нэмэр оруулахаа мэдэгдлээ” гэж мэдээлсэн. Харин монголчуудын олонх нь үүнийг бүтэшгүй амлалт, тэнгэрийн зүйл мэтээр ярьж, хошигносоор байна.
Зарим нь “Математикт тааруу удирдагчтай байх ийм хэцүү. Ерөнхийлөгчийн амлалтыг биелүүлэхийн тулд жил бүр 125 сая, өдөрт 342, цагт 14 мянга, минутад 237 мод тарих хэрэгтэй. Гадаадынхантай дэмнэхгүй бол бидэнд тийм чадамж байхгүй” гэсэн бол нөгөө хэсэг нь “Ийм олон мод тарих газар бий бил үү” хэмээн даапаалж сууна. Угтаа бол цөлжилтийн асуудал монголчуудын хувьд инээдэм биш, эмгэнэл болоод удаж буй. Тиймээс улстөржиж, талцаж, хэрэлдэж суух сэдэв энэ яагаад ч биш. Ийм санаачилга гаргах, түүнийгээ бодитоор хэрэгжүүлэх нөхцөл, шаардлага хэдийн бий болсон. Ямар нэг дорвитой ажил хийх анхааруулга, дохиог ч байгаль дэлхий бидэнд хангалттай өглөө. Цөлжилтөөс үүдэлтэй аюул, өдөр тутмын амьдралд үзүүлэх дарамт ихэссэнийг батлах статистик, судалгаа хангалттай байна.
Судлаачид 2015 онд манай улсын газар нутгийн 76.9 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжиж, доройтсон гэж үнэлсэн бол өнгөрсөн жилийн судалгаа (БОАЖЯ, Цаг уур, орчны шинжилгээний газар хамтран хийсэн)-гаар 77.9 болж өссөнийг тогтоосон. Үүний 16 хувь нь хүчтэй, нэн хүчтэй ангилалд хамаарч буй. Говьсүмбэр аймгийн газар нутгийн 63, Дорнодын 43, Дархан-Уулын 32, Сүхбаатарын 31, Дундговийн 28, Өмнөговийн 17.5 хувь нь цөлжжээ. Сүүлийн жилүүдэд малчдын амьжиргаа эрс муудан, өөр аймаг, сумын нутагт оторлох нь ихэссэн. Ургамлын төрөл зүйл хумигдан, хүчтэй салхи шуурга, ган, зудын давтамж олширсон. Тариаланчид болон ногоочид ургац алдах нь элбэгшсэн. Энэ бол цөлжилтийн бодит аюул. ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачдын бүтээсэн “Цөлжилт бидний амьдралд” баримтат кинонд өгүүлснээр бол цөлжилт, шар шороон шуурга цаашид улам эрчимжих гэнэ. 2050 он гэхэд нөхцөл байдал тартагтаа тулж болзошгүй аж. Монголчууд нүүдлийн мал аж ахуй эрхлэх, түүнээс ашиг шим хүртэх боломжгүй болно гэж дүгнэжээ. Тэгэхээр бид зүгээр сууж болохгүй. Тэрбумын энд хүрдэггүй юм гэхэд тэнхээ чадлынхаа хэрээр мод тарихаас өөр сонголт үгүй.
Мод тарихын жаргал, зовлонг мэддэг, ойн салбартай ойр хүмүүс эл санаачилгыг хөрсөн дээр буух боломжтой гэж үзэж байна. ШУТИС-ийн багш, цөлжилтийг бууруулах, олон нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх зорилготой “Миний клуб”-ийг үүсгэн байгуулагч Д.Сэрдарам “Хэсэг залуус (өөрийнх нь байгуулсан клубийн) зав чөлөөгөөрөө сая мод ургуулж дөнгөсөн байхад монголчууд нийтээрээ тэрбумыг тарих боломжтой. Мод тарих үндэсний хөдөлгөөн эхлүүлснээр ойн сангаа нэмэгдүүлж, үрсэлгээний томоохон талбайтай болж, мод, бутны үрийн сан байгуулан, байгальд хайртай залуу үеийг төлөвшүүлнэ. Энэ бол шинэ зууны томоохон санаачилга. Бүгдээрээ хэлцэж, талцах бус, урагшаа зүтгэе. Тэрбум модны цаана олон сайхан зүйл харагдаж байна. Үүнд зөвхөн ойн салбарынхныг татан оролцуулах бус, нийт монголчууд, монгол туургатан, эх дэлхийн төлөө гэсэн сэтгэлтэй хүн бүхний хамтын хөдөлмөрийг нэгтгэх хэрэгтэй” гэв.
МУИС-ийн дэд захирал, ой судлалын ухааны доктор Н.Батхүү хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Нэг тэрбум мод тарих нь бүтэшгүй ажил биш. Гэхдээ анхаарах зүйл бий. Бүс нутаг, уур амьсгалын онцлогт тохирсон, дасан зохицох чадвар бүхий модлог ургамлыг судалж, илрүүлэн, орон нутгийн унаган мод, сөөгийг үржүүлдэг газар олноор байгуулах зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн тарьц, суулгац нийлүүлдэг мод үржүүлгийн газруудын техник, технологийн хоцрогдлыг арилгах хэрэгтэй. Чанартай тарьцаар ойжуулалт хийснээр ургалтын хувь өндөр байна” гэжээ. Тодруулбал, хаана, ямар төрлийн, хэр зэрэг чанартай мод сонгож тарихаас их зүйл хамаарна гэсэн чухал зөвлөгөөг мэргэжлийн судлаач ийнхүү өгчээ.
Монголчууд бүх нийтээрээ мод тарих уриалга дэвшүүлж, санаачилга гаргасан анхны тохиолдол нь энэ биш юм. Бүх нийтээр мод тарих үндэсний өдөртэй болоод 11 жилийн нүүр үзлээ. Эл өдрийн хүрээнд 13.7 сая мод, сөөг суулгав. Гол нь тэдгээрийн хэдэн хувь нь ургасан, хэчнээн нь үхсэн бэ гэдгийг үнэлж, тоолж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Иргэд, аж ахуйн нэгжүүд нь тарьсан мод, сөөгөө эргэж тойрч, арчилдаггүй. Ор тас мартчихдаг. Яам, агентлагууд нь ч үүнд анхаарч, хяналт тавьдаггүй. Үндсэндээ монголчууд мод ургуулах биш, хөрсөнд булж, суулгаж сурсан. Бидний хамгийн том алдаа энэ. Тэрбум мод тарих хөдөлгөөн үүнийг бүү давтаасай. Голдирол, стандартаасаа хэлбийсэн алдаа дутагдлыг засах жим гаргаасай. Мод тарих, ойжуулалт хийх нь орчин цагт нэг төрлийн инновац, технологи болсон гэдгийг хүлээн зөвшөөрч, сэтгэлгээ, бодлогоо өөрчлөөсэй.
Хамгийн гол нь тарьсан моддоо ургуулах нь чухал. Үүнийг хэрэгжүүлэхэд судлаачдын хэлсэнчлэн тарьц, суулгацын чанар гол нөлөөтэй. Түүнчлэн хяналтын систем хэрэгтэй. Дасан зохицох чадвар сайн гээд усалж, тордохгүй бол ямар ч мод идээшихгүй, ургахгүй. Ялангуяа эхний жилүүдэд онцгой халамж шаарддаг. Дэлхийн улс орнууд цахим технологийг ийм зорилгоор ашиглах боллоо. Тарьсан мод, байгуулсан төгөл нь хэр зэрэг “амьдарч” байгааг чипээр алсын зайнаас хянаж эхэллээ. Монгол залуучууд ч үүнийг амжилттай туршиж, нутагшуулаад буй. “Тэрбум мод тарьсан, хэд нь ургасныг мэдэхгүй” хэмээн үл мэдэгч царайлж суухгүйн тулд, олон улсын өмнө нүүрээ улалзуулахгүйн төлөө дэвшилт технологи ашиглах боломж байна.
Өөр нэг чухал асуулт байгаа нь ажлаа хаанаас эхлэх вэ. Зарим нь төмөр зам дагуу мод таривал зохистой гэнэ. Нэг хэсэг нь “Цөлжиж, доройтсон газруудаа нэн түрүүнд “ногооруулъя” гэх аж. Нөгөө нь “Цөлжсөн газруудад мод тарихад их хэмжээний зардал шаардана. Эрүүл бүсээ хамгаалж үлдэх нь чухал” гэсэн санал дэвшүүлэх боллоо. Үүнийг Ерөнхийлөгч, Засгийн газар, БОАЖЯ толгой даан шийдэх боломжгүй. Иргэдийн санал, сэтгэгдлийг ч харгалзахад бэрх. Гагцхүү шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаа, мэргэжлийн эрдэмтэн, судлаачдын дүгнэлтэд тулгуурлах нь зүйтэй. Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийнх шиг иргэд дуртай газраа, хүссэн хэмжээгээрээ мод “булшилдаг”, түүнийгээ “өнчрүүлдэг” ужиг тогтолцоог халах хэрэгтэй.
Тэрбум модны сургаар элдэв төсөл, хөтөлбөр барьж, яам, тамгын газрын үүдээр эргэлдэх хүн олширсон талаар нэгэн судлаач ярилаа. Том ажлын цаана томоохон төсөв яригдах нь тодорхой. Үүнийг дагаад ашиг хонжоо хайсан төрийн бус байгууллага, компаниуд (мод үржүүлэг, ойжуулалтын) улай үзсэн хэрээ шиг эргэлдэх нь гарцаагүй. Тэгвэл тэрбум мод тарих санаачилга Андлалын өргөө шиг тендерийн цавчааны золиос болж орхино. Дархан-Уул аймгийн замын төсөл шиг сунжирсан, үр дүнгүй ажил болно. Тиймээс хэрхэн, ямар арга замаар хэрэгжүүлэх, удирдлага, хяналтын тогтолцоог яаж бүрдүүлэх вэ гэдгийг сайтар тооцоолох шаардлага тулгарлаа.
Зарим аймаг, сумын удирдлага, томоохон компаниуд энэхүү санаачилгыг дэмжиж, бодит ажил хийхээ мэдээллээ. Говь-Алтай аймаг гэхэд ирэх 10 жилд 108 сая мод тарих зорилт дэвшүүлжээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК тонн нүүрс тутамд нэг мод тарих зорилтыг бизнес төлөвлөгөөндөө тусгаж, 2030 он хүртэл 176 сая “ногоон уушги” хөрсөнд идээшүүлэхээр болжээ. Сайн жишиг, сайхан санаачилга. Орон нутаг, аж ахуйн нэгж, байгууллагууд ашиг хонжоо харахгүйгээр ирээдүйнхээ төлөө нэгдэх, гамшгийн эсрэг сөрөх цаг нь хэдийн болжээ. Тэрбум мод тарих тэнхээ монголчуудад бий. Гагцхүү сэтгэл л дутах вий.