“Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” компани Монголын хөрөнгийн биржид нэмэлт хувьцаа гарган 14.2 тэрбум төгрөг босгох нь. Тодруулбал, нэмж гаргаж буй 17 484 662 ширхэг хувьцааны нэгжийнх нь үнэ 815 төгрөг байх аж. Уг санхүүжилтийг алтны “Баянхөндий” төслийн ашиглалтын шатны ажлыг эхлүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ. Улмаар ирэх онд үйлдвэр барьж ашиглалтад оруулах гэнэ. Энэхүү үнэт цаасны андеррайтераар “БиДиСек ҮЦК”, хуулийн зөвлөхөөр “Сноу хилл консалтанси” ХХН, аудитын байгууллагаар “Кэй Пи Эм Жи” компани ажиллаж буй юм байна. Захиалгыг нь ирэх аравдугаар сарын 4-8-нд авах нь.
Дээрх компанийн 100 хувийн эзэмшлийн “Хөндий” алтны дүүрэг нь өндөр агуулгатай, илээр олборлох боломжтой, уламжлалт аргаар боловсруулдгаараа давуу талтай аж. Тодруулбал, илээр олборлох боломжтой олон улсын бусад уурхайтай харьцуулахад алтны дундаж агуулга нь гурав дахин өндөр бөгөөд жилд дунджаар 63 500 унци бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэнэ. Канад Улсад бүртгэлтэй, 2018 оны зургадугаар сард Монголын хөрөнгийн биржид үнэт цаасаа давхар бүртгүүлсэн тус компанийн 11 хувийг Европын сэргээн босголт, хөгжлийн банк, 12-ыг нь хөрөнгө оруулагч Эрик Спротт, таван хувийг нь Монголын 6000 орчим иргэн эзэмшиж буй.
Бэлтгэсэн Б.Сонор