Мөсөн өргөөний нээлтээр олон улсын тэмцээнүүдийн шагналт уран гулгагч О.Ивээл сонирхолтой тоглолт үзүүллээ.
Монголын бизнес эрхлэгчид санаа нэгдвэл, хүчээ нэгтгэвэл юу хийж чаддагийг “Мөрөөдөл биелэх мөсөн өргөө” төслийг хамтран хэрэгжүүлснээр харууллаа. Монголчууд олон улсын, олимпын стандартад нийцсэн мөсөн талбай, дэвжээ, ордонтой боллоо. Ингэснээр уран гулгалт, хоккей, шорт трейк зэрэг өвлийн спортыг хөгжүүлэхэд улам ахиц гарна. Энэ төрлийн үндэсний болон тив, дэлхийн чанартай тэмцээн эх орондоо зохион байгуулдаг болно.
Буянт-Ухаагийн дэнжид 7800 ам метр талбайд 2600 үзэгчийн суудалтай танхим, 1000 автомашины зогсоолтойгоор барьсан уг өргөөнд спортынхоос гадна урлагийн тоглолт болон олныг хамруулсан соёлын чиглэлийн бусад арга хэмжээ ч явуулж болох ажээ.
Баганагүй, хөнгөн цагаан хуудсан, “амьсгалдаг” дээвэртэй, агаар сэлгэлтийн шинэлэг шийдэл бүхий, “Талын дэвжээ” хэмээн нэрийдсэн уг мөсөн өргөөг бүтээн байгуулахыг “Степпе арена” ХХК-ийн ТУЗ-ийн дарга П.Цагаан санаачилсан бөгөөд шавыг 2019 оны дөрөвдүгээр сарын 14-нд тавьжээ. Түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд үндэсний олон, гадаадын хэд хэдэн компанийн 1600 гаруй инженер техникийн ажилтан, барилгачдын хичээл зүтгэлийн үрээр манай улсын анхны битүү дээвэртэй мөсөн өргөөний үүдийг нээлээ. Уг байгууламжийн зургийг канад архитекторчийн зөвлөсний дагуу манай улсын “Анаграм” ХХК-ийн мэргэжилтнүүд гаргасан аж. Төслийн гол санхүүжүүлэгч нь “Ачит ихт” ХХК бол МАК, “Степпелинк холдинг” болон UPC компанийнхан бараа бүтээгдэхүүн, менежментийн чиглэлд голчлон хамтран ажиллажээ. Ер нь бол энэхүү ордны бүтээн байгуулалтад үндэсний 95, гадаадын зургаан компани ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулсан юм байна.
“Степпе арена” ХХК-ийн ТУЗ-ийн дарга П.Цагаан өчигдөр болсон нээлтийн үеэр үг хэлэхдээ “”Ачит ихт” тэргүүтэй үндэсний компаниуд санаа зорилгоо нэгтгэснээр, ажиллагсад цар тахлын аюулыг сөрөн, нэг ч хоногийг үр дүнгүй өнгөрөөлгүй хөдөлмөрлөснөөр, шав тавьснаас хойш 29 сарын дараа өнөөдөр та бид ийнхүү хамтдаа цуглаад байна. Энэ мөчид маш олон хүн, байгууллагад талархал илэрхийлэхийг хүсэж байна. Тэдний дундаас онцолж нэр дурдах хүмүүс бий. Мөсөн өргөөг бүтээгчдийн нэг “Степпе арена” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Батмөнх гэхэд хотын төвөөс 17 км явган алхаж ажилдаа ирж байсан удаатай. Барилгачид хэдэн өдрөөр гэртээ харилгүй, зогсолтгүй ажиллаж байлаа. Ийм хөдөлмөрч, хариуцлагатай хүмүүсийн ачаар бид олон улсын стандартын, битүү дээвэртэй мөсөн өргөөтэй боллоо” хэмээв. Нээлтийн ёслолын дундуур Н.Батмөнх захирлын сэтгэгдлийг сонсоход “Бид чадлаа. Бид гэдэгт энэхүү төслийг эхнээс нь дуустал хамтран ажилласан гүйцэтгэгч компани, зөвлөсөн инженер техникийн ажилтнууд, цуцалтгүй зүтгэсэн хамт олон маань багтана. Монголын барилгын салбарт ямар сайхан бүтээлч хүмүүс ажилладгийг мэдэрлээ. Хөрөнгө оруулагч компаниудын хөрөнгийг хаа нэгтээ гацаачхалгүй, төлөвлөсөн цаг хугацаандаа барьж байгуулан, тэдний итгэлийг даахыг хичээсэн. Итгэлийг нь даалаа. Бидний хамтран ажилласан өдөр бүр бүтээн байгуулалт байсан” гэж байлаа.
Төслийг амжилттай хэрэгжүүлсэн тэдний яриаг сонсоход дэлхий даяар тархсан цар тахлаас болж ажилд нь хүндрэл гарч байсан ч, асуудал тулгарсан тухай бүрт арга хэмжээ авч, шийдэж чаджээ. Гадаадын хэд хэдэн зөвлөх мэргэжилтэн бүтээн байгуулалтын талбарт ирж ажиллах байсан ч, аргагүй нөхцөл байдлын улмаас цахимаар харилцан зөвлөж иржээ. Тоног төхөөрөмжүүдийг угсрах зэргийг ч монгол инженерүүдэд зааж, сургасан байна. Канадын HDR/CEI, VDA зэрэг спортын барилга байгууламжийн зураг, төслийн мэргэжлийн байгууллага, архитекторчид мэдлэг, ур чадвараа талын монголчууд анхны мөсөн ордноо барьж байгуулахад ийнхүү нэмэрлэжээ.
Үзэгчид бол мөсөн талбай дахь уралдаан, тэмцээн үзээд гарахын хооронд урлагаар яривал тайзны ард юу, юу байгааг, болдгийг мэдэх аргагүй. Харин сэтгүүлчдэд харуулсан, тайлбарласан. Мөс цэвэрлэх машин гэхэд л ой ухаан хүрэмгүй нарийн ажиллагаатай эд аж. Салхивч, агааржуулалт, халаалт, агаар сэлгэлт, хяналт гээд тус бүртээ мэргэшсэн ажилтнуудын л барах ажлын тухай сонсоод, толгой дохиж явлаа. Мөсөн талбайд агаарын температур хасах байхад үзэгчдийн суудалд эгнээнээс хамаараад янз бүрийн градусын дулаан очих ёстой. Энэ бүхнийг ухаалгаар зохицуулж байдаг машин, төхөөрөмжөөс авхуулаад бүхий л зүйл нь олон улсын, олимпын стандартынх ажгуу.
“Юнайтед прожектс корпорэйшн” компани барилгын зураг, газар, дэд бүтцийн асуудлыг хариуцсан бол МАК өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийг нийлүүлжээ. “Степпелинк холдинг” дуу авиа, гэрэл сүүдэр, дүрс бичлэгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглож, мэдээллийн технологийн ухаалаг шийдэлтэй ордон болгох ажлыг хариуцсан байна.
Энэхүү томоохон бүтээн байгуулалтад хэн, хэний оролцоо, тусламж байв, гарц, шийдэл ямар байсан талаар товч дурдъя. Уг мөсөн өргөөг бүтээн байгуулахад нийт 1600 барилгачин, инженер техникийн ажилтан оролцсон тухай хэлсэн. Манай улсын үндэсний компаниудаас гадна ОХУ, БНХАУ, Канад, АНУ, Австри зэрэг орны инженер, техникийн ажилтнууд хамтарсан. Огторгуйн ферм, дээврийн ЗИП хэмээх систем, эвхэгддэг шал, хөргүүр, агаар сэлгэлтийн инженерчлэл зэрэг шинэ технологи, шийдлийг эх орондоо анх удаа нутагшуулжээ. Монголын тамирчид 1964 онд Австрид болсон өвлийн олимпод оролцохоор явж байхдаа эх оронд нь хэзээ олон улсын түвшний мөсөн өргөө сүндэрлэх бол хэмээн бодож, ярьж байсан болов уу. Багачууд гэлтгүй томчууд ч өвөл гол дээр мөс мөргөлдүүлэх зэрэг уламжлалт наадгайгаар тоглож, цаг хугацаа өнгөрөхийг анзаарахгүй хөөрцөглөж байдаг билээ. Тэгвэл тэд одоо битүү дээвэртэй мөсөн ордонд дураар тоглох боломжтой боллоо.
Мөсөн өргөөний нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй хүмүүс оролцсон юм. Нээлтийн ёслолыг зохион байгуулагчид мөсөн талбай дахь хоккейн анхны “тулаан”-ы цөм бөмбөг буюу шайбыг олон улсад тогтсон жишгийн дагуу Ерөнхийлөгчөөр шидүүлсэн нь сонирхолтой байлаа. Төслийг санаачлан хэрэгжүүлэгч П.Цагаан тэрхүү шайбыг Төрийн тэргүүнд бэлэглэсэн нь бэлгэдэл, ерөөлтэй.
Барааг нь харалгүй удсан Морин хуурын чуулгын уран бүтээлчид, Консерваторын цохивор хөгжмийн чуулгынхны болон манай улсын өсөх ирээдүйтэй уран гулгагч О.Ивээл нарын тоглолт, хоккейчдын тэмцээн гээд хараа булааж, сэтгэл хөвсөлзүүлсэн үзүүлбэр бүхий дурсамжтай нээлт боллоо. Энэ бүхнийг харж суухдаа “Санаачлагчид, хамтрагчид цар тахалд сааталгүй, зорьсон тэмүүлсэндээ хүрэх гэсэн чин хүслээр зүтгэсээр Токиогийн олимпын жилд мөсөн өргөөнийхөө өндөр үүдийг нээж, үзэгч олноо угтаж авлаа. Энэ ордонд насанд хүрэгчид болон өсвөр үеийнхнийг хамруулсан олон төрлийн үйл ажиллагаа явуулах байх, үр дүнд нь өвлийн спортын тамирчид тив, дэлхийд алдраа мандуулах мөч удахгүй биз ээ” хэмээн бодож суулаа.
Битүү дээвэртэй, мөсөн талбай бүхий байгууламж бүр өөр, өөрийн түүхтэй байдаг. Монголынхыг ийнхүү улсынхаа хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээ зориулдаг хувийн хэвшлийнхэн байгуулав. Хүн төрөлхтний түүхэнд хоккейн битүү байгууламжийг анх 1862 онд Канадын Монреал хотод босгосон түүхтэй аж.