Ерөнхийлөгчийн Тамгын газраас энэ оны наймдугаар сард ой судлаач, академич Ч.Дугаржавтай холбоо барьж “2030 он хүртэл нэг тэрбум мод тарих боломжтой юу” гэж асуухад тэрбээр “Бүрэн боломжтой” хэмээн хариулжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы индэрээс “2030 он гэхэд Монгол улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг эхлүүлнэ” хэмээсэн нь иргэдийн анхаарлыг татаж, багагүй шүүмжлэл дагуулж буй. Тухайлбал, иргэд цахим орчинд "2030 он гэхэд нэг тэрбум мод тарихын тулд жилд 125 сая мод, өдөрт 342 мянга, цагт 14 мянга, минутад 237, нэг секундэд 4 мод тарина", “Өнөөдрийн байгаа тарьц суулгацын нөөцөөр тооцоход бид 100 жилийн дараа тэрбум мод тарина. Нэгийг ч үхүүлэхгүй амжилттай ургууллаа гэж бодоход шүү” гэх таамаг, тооцоолол бичсээр байна. Цахим орчинд хүн бүр өөрийн таамгаар, хэний ч шийдвэрт нөлөөлдөг болсон энэ цагт хамгийн баттай эх сурвалж бол эрдэмтэн, судлаачид юм. Тиймээс манай улсад ой судлалын эхлэлийг тавьж, хөгжүүлж буй академич Ч.Дугаржав, Ч.Доржсүрэн нараас энэ талаар тодрууллаа.
Академич Ч.Доржсүрэн: 2030 он хүртэл нэг тэрбум мод тарих бүрэн боломжтой
2030 он хүртэл нэг тэрбум мод тарих бүрэн боломжтой. Нэг га-д 2500-3000 мод тарьж болох бөгөөд тэрбум модыг 500 мянган га талбайд тарина гэсэн үг. Мөн хоёр жилийн хугацаанд мод үржүүлгийн газарт тарьц, суулгацаа бэлдээд, цаашдаа цар хүрээг нь тэлэх хэрэгтэй. Миний тооцоолж байгаагаар одоо мод тарьж буй хувийн хэвшлүүд, судлаач, төрийн байгууллагын хүчин чадлыг 10 дахин нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн иргэдийг уриалж, маш зөв зохион байгуулалт хийвэл төлөвлөсөндөө хүрч чадна. Үүнд зарцуулах төсөв, хөрөнгийг ч шуурхай шийдвэрлэх хэрэгтэй юм. Өчигдөр Ерөнхийлөгчийн ажлын албанаас энэ тухай ярилцаж, хуралдах талаар надад хэлсэн. Би эмнэлэгт хэвтэж буй учир эл уулзалтад очиж чадаагүй. Ер нь 2030 он хүртэл тэрбум мод тарьж чадахгүй байсан ч зорилгынхоо 50-60 хувийг биелүүлэхэд л бид төсөөлснөөс илүү үр дүнг мэдрэх болно.
Академич Ч.Дугаржав: Нэг тэрбум модоо амьдруулах нь хамгийн чухал
“Өнгөрсөн наймдугаар сард Ерөнхийлөгчийн Тамгын газраас энэ талаар асуухад нь “Бүрэн боломжтой” гэж хариулсан. Учир нь зөвхөн Монголд биш олон улсад модыг хэдэн тэрбумаар нь тарьж, ургуулж буй. БОАЖЯ-аас гаргасан судалгаагаар нэг га газарт 2500-3000 мод тарих боломжтой гэж үздэг. Тэгвэл ОХУ-д цөлжилт ихтэй газрынхаа нэг га талбайд 30-40 мянган мод тарьсан туршлага бий. Би Шилийн Богдод га талбайд 20 мянган мод тарьж, ургуулж байсан. 2017 онд энэ талаар өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байв.
Одоогоор Монгол орны газар нутгийн 7 хувийг ой эзэлдэг бөгөөд тэрбум мод таривал 8 хувь болж нэмэгдэнэ. Эл ажилд бүх яамдууд, хувийн хэвшлийнхэн болон найман настай балчраас 80 настай буурай хүртэл оролцож, зөв зохион байгуулалт хийж чадвал 2030 он гэхэд нэг тэрбум мод тарьчих бүрэн боломжтой. Хамгийн чухал нь тарьсан нэг тэрбум модоо арчилж, амьдруулах хэрэгтэй” хэмээв.
Монгол орны газар нутгийн 75 хувь цөлжиж, бэлчээрийн даац хэтэрсэн учир нөхөн сэргээх зайлшгүй шаардлагатай. Үүний тулд нэг тэрбум модоо амьдруулах нь чухал гэдгийг судлаачид онцоллоо. Өөрөөр хэлбэл төр зөв зохион байгуулж, арчилгааг нь сайн хийх хэрэгтэй гэсэн үг юм.
Мод тарих нь зөвхөн Монголд биш олон улсад хамааралтай асуудал. 2015 онд болсон Парисын хэлэлцээрээр дэлхийн бүх орон хүлэмжийн хийг бууруулах үүрэг авсан. Харин хүлэмжийн хийг бууруулах сонгодог арга бол мод тарих юм. Мөн НҮБ-ээс 2030 он хүртэл доройтсон экосистемийг сэргээх аян эхлүүлсэн. Үүнд Монгол Улс нэгдсэн билээ.
Тэрбум мод тарихын тулд ямар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хэнтэй хамтарч ажиллах талаар ЕТГ-ын хэвлэлийн албанаас тодруулахад:
“Мод үржүүлгийн газрууд, төрийн болон хувийн компаниуд, сайн дурын иргэд гэх зэрэг олон хүнтэй хамтарч ажиллахаар төлөвлөсөн. Хэдэн га талбайд, ямар төрөл, зүйлийн мод суулгах, санхүүгээ хэрхэн зохицуулах гээд бүх зүйл нь тодорхой болсон. Үүнд бага зэрэг боловсруулалт хийж, ирэх долоо хоногт дэлгэрэнгүй мэдээллийг хүргэнэ. Бид олон жил мод тарьж буй мэргэжилтнүүд, ШУА, МУИС-ийн судлаач, докторуудтай хамтарч байгаа” гэх хариулт өгсөн юм.