Завханы “Баян-айраг” багийн “Хүйтэн сээр” гэдэг газарт энэ сарын 27-нд баавгайн хоёр бамбарууш уулнаас бууж ирсэн гэх мэдээлэл тус аймгийн Онцгой байдлыг газарт иржээ. Мөн 25-нд Баянтэс сумын “Бужирын дөрөлж”-д баавгай адуу идэж байхыг нутгийн иргэд харсан гэнэ. Завхан аймгийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн, хошууч С.Ганзоригоос энэ талаар тодрууллаа.
-Танай нутагт баавгай үзэгдсэн гэх дуудлага цөөнгүй ирж буй гэнэ. Энэ талаар мэдээлэл өгнө үү.
-Есдүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багийн нутаг “Бужирын дөрөлж”-д баавгай адуу идсэн, 09 дүгээр сарын 25-ны өдөр Тосонцэнгэл сумын Оргих багийн малчин “Улаан нүүр” гэх газар баавгай харсан, 09 дүгээр сарын 27-ны өдөр Сонгино сумын Баян-Айраг багийн “Хүйтэн сээр” гэдэг газар баавгайн хоёр бамбарууш орж ирсэн зэрэг мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт ирсэн. Энэ нь хөрш зэргэлдээ ОХУ-д их хэмжээний ойн түймэр гарсантай холбоотойгоор идэш, хоол хайж яваа баавгайнууд байж болзошгүй.
-Мэргэжилтнүүд энэ олон дуудлагад ямар хариу арга хэмжээ авч байгаа вэ?
-Өмнө манай нутагт баавгай амьдардаггүй байсан. Иймд малчид, иргэдэд:
- Малд явахдаа анхаарал болгоомжтой байж, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх.
- Жимс, самарт явахгүй байх, хээр хөдөө, ойн сав бүхий газар хонохгүй байх.
- Баавгай тааралдвал айлгаж цочоохгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна гэв.