Бразилын Минас-Жейрас мужид амьдардаг 35 настай Дион Квирино болон түүний сүйт бүсгүй Аманда нар өнгөрсөн баасан гарагт илгээмж хүлээн авчээ. Болор хундаганууд болон шоколадтай амттанаар дүүргэсэн хайрцагтай илгээмжийг хэн явуулсныг ч үл анзаарсан тэд хуримын зараа түгээгээд удаагүй байсан учраас энэ мэт бэлгэнд сүүлийн үед дарагдсан юм байна. Нөгөөх илгээмжээр ирсэн амттанаас өөрсдөө идээд, гэр бүлийнхэндээ, нохойдоо, тэр ч бүү хэл, гэрт нь айлчилж таарсан хоёр настай хүүхдэд хүртэл өгчээ. Амттан идсэнээс хэдэн цагийн дараа тэднийд байсан хүмүүсийн бие тавгүйрхэн, бөөлжиж, суулгаж эхэлсэн учраас эмнэлэгт хандсан гэнэ. Тэдний цусны шинжилгээнээс химийн хорт бодис багагүй хэмжээгээр илэрсэн бол тэр хооронд нохой нь үхжээ. Өдгөө зарим хүн бие маш хүнд байгаа аж. Шоколадтай амттанд хор хийснийг шинжээчид тогтоосон бол цагдаа нар илгээмж явуулсан эзэн нь Дион Квириногийн өмнөх найз бүсгүй болохыг ч илрүүлсэн гэнэ.
Бэлтгэсэн Ж.Хаан