Вьетнам эр Фан Ван Хоа өнгөрсөн зургадугаар сарын 6-нд цар тахлын үеийн хатуу хөл хориог зөрчин нийслэлээс Фанранг-Тхапчам хот руу явсан аж. Ингэхдээ тэрбээр коронавирусийн шинжилгээнд хамрагдаагүйн зэрэгцээ нууцаар гэртээ хариад, бүгсэн юм байна. Хэд хоногийн дараа бие нь эвгүйрхэн, халуурч байгаа талаараа харьяа өрхийн эмнэлэгтээ дуулгажээ. Гэтэл түүний шинжилгээний хариу эерэг гарч, “Ковид-19” илэрсэн тул эмнэлэгт хэвтүүлэн эмчилсний дараа хэсэг хугацаанд тусгаарлаад, шууд түр саатуулах байранд шилжүүлсэн аж. Хоа гэр бүлийнхээ дөрвөн хүнд өвчөн халдварлуулсан гэнэ. Түүнийг халдварт өвчин санаатайгаар тархааж, нийгэмд хор учруулсан гэдэг үндэслэлээр 30 сар буюу 2.6 жил хорих ялаар шийтгэжээ.
Бэлтгэсэн Ж.Хаан