Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлсэн байдлыг прокурорын байгууллага 2021 оны эхний хагас жилийн байдлаар судалжээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд энэ төрлийн 296 гэмт хэргийн улмаас нэг тэрбум 966 сая 233 мянган төгрөгийн хохирол учирсан аж. Үүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шийдвэрээр 1.3 тэрбум гаруйг нь гэмт хэрэг үйлдсэн хүмүүсээр төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Харин 630.3 сая орчим төгрөгийн хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх асуудал шийдвэрлэгдээгүй байжээ. Тиймээс прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж, хохирлыг нөхөн төлүүлэхээр иргэний шүүхэд хандаад буй гэнэ. Тухайлбал, Дорнод аймгийн Прокурорын газраас иргэн О-т холбогдуулан Эрүүгийн хуулийн 24.7-1 дэх хэсэгт заасан “Ой хээрийн түймэр тавьсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг нь шүүхэд шилжүүлсэн аж. Тэрбээр өндөр ургамалтай, замгүй газраар автомашинтай явж байгаад яндангийнх нь эргэн тойронд наалдсан өвс халснаас унаагаа шатаасан төдийгүй хээрийн түймэр тавьсан хэрэгт холбогдсон аж. Түймрийн улмаас Дорнод аймгийн Булган сумын 7769.5 га бэлчээр шатаж байгаль экологид болон нэр бүхий таван иргэнд нийт 164.4 сая төгрөгийн хохирол учруулсан юм байна. Анхан шатны шүүх түүнээс 154.1 саяыг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд О уг шийтгэх тогтоолыг зөвшөөрөлгүй дээд шатны шүүхэд хандсанаар 7.7 сая төгрөг төлөхөөр болоод байж. Харин прокурор нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг эсэргүүцэж, Улсын дээд шүүхэд гомдол гаргаснаар хохирол, хор уршгийг бодитой тооцож, нөхөн төлүүлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэн хэргийг прокурорт буцаасан байна. Ташрамд дурдахад, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн 48.3 хувийг хууль бусаар мод бэлтгэх, 29 хувийг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлосон хэрэг эзэлсэн нь дийлэнх аж.
Бэлтгэсэн Г.Орчлон