Улаанбаатар хотын хэмжээнд өчигдрөөс сайжруулсан түлш борлуулах 41 цэг ажиллуулж эхэлснийг нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн мэдээлэв. Нийслэлийн айл өрхүүдийн ирэх өвлийн хэрэглээнд зориулж одоогоор 57 887 тонн сайжруулсан түлш нөөцөлсөн байна. Нийт 33 агуулахад түлш нөөцөлж буй бөгөөд ирэх сарын 1-нээс борлуулах цэгийн тоог 600 болгож нэмэхээр бэлтгэл хангасан гэнэ. Ингэснээр гэр хорооллын 300 өрх тутамд борлуулалтын нэг цэг ногдох аж. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах, түүхий нүүрсний тээвэрлэлтийг хязгаарлахын тулд Улаанбаатарын шалган нэвтрүүлэх товчоодод холбогдох байгууллагын 18 алба хаагчийг гурван ээлжээр ажиллуулж эхэлжээ. Алба хаагчид товчоодод 24 цагаар ажиллаж, хяналт тавьж буй бөгөөд сүүлийн 14 хоногт нийслэлд түүхий нүүрс оруулахыг завдсан зөрчил гараагүй байна.
Бэлтгэсэн М.Оч