Баянгол дүүргийн XVIII, XIX хорооны нутагт бараг нэг км урт үргэлжилсэн тоосгон, контейнер гараашнууд байсныг буулгасан. 47, 96 дугаар сургууль, 194 дүгээр цэцэрлэг, өрхийн эмнэлэг рүү ард талаас нь орох замыг хаан, эгнүүлэн барьсан гараашнуудыг чөлөөлснөөр иргэд аюулгүй зорчих зай гарч, хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь автомашинаар хүргэж, авахад түгжрэл үүсэх нь багассан. Тус дүүргийн XIX хорооны иргэн Д.Отгонцэцэг “Гараашнуудыг буулган явган хүний, эсвэл дугуйн зам хийх нь гэж бодсон. Гэтэл автомашины зогсоол болгосон нь “байшин” дотор байсан тэргийг гадна гаргаж ирсэнтэй ялгаагүй биз дээ. Энэ хавь эмх цэгцтэй болж, иргэд чөлөөтэй зорчих боломж нэмэгдсэн ч хангалтгүй санагдана. Ногоон байгууламж, нарлаж суух сандал, дугуйн замтай бол зүгээр сэн. Автомашинд зориулсан зам, зогсоол ер хэрэг байхгүй” гэлээ.
Түүнчлэн тус дүүргийн XIV хороо, бидний нэрлэж заншсанаар зургадугаар бичил хороолол орчмоос Зурагт руу явах зам дагуух зарим гараашийг буулган, авто болон явган хүний зам барин ашиглалтад оруулаад удаагүй. Дээрх хорооны 15 дугаар байрны оршин суугч Г.Азжаргал “Энэ хавьд “цэцэглэсэн” газар, гараашийн наймааг яривал урт түүх болно. Миний мэдэхээр 50-60 гараашийг буулган, зам тавьсан байхад цаана нь 100 элбэг үлдлээ. Манайх дээр үед худалдаж авсан нэг муухан гарааштай. Хэнээс, ямар бичиг баримт бүрдүүлэн худалдаж авсан нь тодорхойгүй болжээ. Гараашийг чинь нураана, доторх эд зүйлсээ цэгцлээрэй гэж Баянгол дүүргээс шаардлага ирүүлсэн. Гэхдээ гарааш нураагаад автомашины зогсоол хийгээд ямар хэрэг байх вэ, хүмүүс машинаа байсан газарт нь, хучаад тавина л гэсэн үг” гэв.
Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй барьсан, албан бус бичиг баримттай, иргэд аман гэрээ хийн хоорондоо наймаалцсан гарааш, ТҮЦ, жижиг дэлгүүр олон. Ялангуяа орон сууцын хороолол дунд, авто зам дагуу сүүлийн 25 жил дуртай хүн нь гарааш барьж, зарж, хөлслүүлэн өдий төдий их мөнгө босгосон жишээ арвин байдаг аж. Тиймээс үүнийг цэгцлэхээр Улаанбаатар хотын захирагч шийдвэр гаргаснаар гараашнуудыг өнгөрсөн хавраас буулгаж эхэлсэн. Одоогийн байдлаар зургаан дүүргийн 270 байршилд, 1385 чингэлэг, гарааш буулгасан аж. Ингэснээр нийт 26 800 гаруй ам метр талбай чөлөөлснийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ. Тус албаны олон нийт, хэвлэл мэдээллийн ажилтан А.Отгонжаргал “Улаанбаатарт энд, тэнд хэд гурваар нь нийлүүлж, эсвэл 10-аас дээш тоогоор эгнүүлж барьсан гарааш болгон ямар ч зөвшөөрөлгүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй гэж ойлгож болно. 1993-1994 онд одоогийн “Бөмбөгөр” худалдааны төвийн ойролцоо барьсан 2-3 гараашийн эзэд л түр ашиглах гэрээ байгуулсан байж. Бусад гараашийг бүгдийг нь буулган, тухайн орчныг нийтийн эзэмшлийн зам, талбай болгон тохижуулна. Манайхаас газрыг нь үе шаттай чөлөөлж буй бөгөөд хоосон талбайд нь юу барихыг нийслэлийн ЗДТГ-аас шийддэг. Гараашийн эздэд нөхөн олговор өгөхгүй” хэмээн ярив. Гарааш буулгасан талбайд хийх бүтээн байгуулалтын ажил хэдэн хувьд хүрсэн, хэдий хэр хөрөнгө зарцуулсан, ямар төлөвлөгөөтэй байгаа талаарх мэдээлэл өгөх нийслэлийн ЗДТГ-ын мэргэжилтэн нь өчигдөр эзгүй байлаа. Энэ талаар Хот байгуулалт, хөгжлийн газар (ХБХГ), дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрынхнаас тодруулахаар холбогдсон юм.
ХБХГ-т дүүргүүдээс бүтээн байгуулалтынхаа ажлын захиалгыг ирүүлж, зураг төсөл гаргуулдаг аж. Гараашнуудыг албадан буулгаж эхэлсэн үеэс өдий хүртэлх хугацаанд дөрвөн дүүргийн 15 байршилд газар чөлөөлсөн тухай албан бичиг ирүүлжээ. Тэдгээрийн 11 байршилд бүтээн байгуулалт хийх даалгавартайгаас гурвынх нь зураг төслийг ХБХГ-ын инженерүүд гаргасан гэнэ. Гарааш байсан талбайд автомашины зогсоол, ногоон байгууламж, явган хүний болон дугуйн зам тавих үндсэн төлөвлөгөө бий юм байна. Мөн бүтээн байгуулалтын зураг төсөл хийх нь багагүй хугацаа зарцуулдаг, цөөнгүй хүний хүч хөдөлмөр шаарддаг ажил гэдгийг дээрх газрын мэргэжилтэн А.Амарсанаа дурдав. Хамгийн гол нь тухайн дүүргээс нь аль байршил дахь барилга, гарааш, хашааг буулгахыг шийдэн, гүйцэтгүүлэх бөгөөд дараа нь юу хийх төлөвлөгөө, саналаа холбогдох байгууллагуудад нь хүргүүлж, зураг төслийг нь гаргуулдаг гэсэн.
Газар чөлөөлөх тухай, чөлөөлсөн талбайд юу хийсэн, цаашдын ажлын төлөвлөгөөний талаар дүүргүүдийн ЗДТГ-аас тодрууллаа. Тухайлбал, энэ сарын байдлаар Сонгинохайрхан дүүргийн XVII хорооны нутаг дэвсгэрт 0.9 га нийтийн эдэлбэр газрыг чөлөөлж, 32 дугаар байрны баруун талд зөвшөөрөлгүй барьсан 132 чингэлэг, гараашийг буулгасан гэнэ. Чөлөөлөгдсөн талбайн 1800 ам метрт нь явган хүний зам тавьж, 3996 ам метрт зүлэг тарьж, үерийн далан барьжээ. Мөн 1.8 метр өргөн, 520 метр урт дугуйн зам тавьж буй аж. Түүнчлэн I хорооллын ард талын зам дагуу зөвшөөрөлгүй барьсан 815 гараашийг буулган, газрыг нь чөлөөлөх шаардлага үүсжээ. Нэгэнт гарааш нь зөвшөөрөлгүй учраас буулгахаас өөр аргагүй. Гэхдээ тэнд бизнес эрхэлдэг хүмүүст ажлын байр гарган, аль болох хохиролгүй үлдээх арга хайж буйг Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас дурдлаа.
Хан-Уул дүүргийн III хороон дахь 33 дугаар байранд хоёр өрөө орон сууцыг гараашийн хамт 120 сая төгрөгөөр борлуулжээ. Уг байрыг худалдан авсан Ц.Мөнхжаргал “Манайх Өвөрхангай аймгаас шилжиж ирээд нэг жил өнгөрсөн. Энэ орон сууцыг наймдугаар сарын сүүлчээр худалдан авахад гаднаа гарааштай нь давуу тал болсон. 20 гаруй ам метр талбайтай, дулаалгатай гараашийн үнийг 15 сая төгрөгт тооцон, бид 120 саяыг төлсөн. Энэ гараашийг хэзээ мөдгүй албадан буулгана гэдгийг авснаасаа хойш мэдлээ. Зарсан эзэд нь “Манайх ч гэсэн худалдаж авсан” гээд халгаахгүй байна. Гараашийн бичиг баримт гэж юм байхгүй, түлхүүр л өгсөн, бид хохирлоо” гэв. Чингэлтэй дүүргийн I хорооны нутагт 23 дугаар сургуулийн ойр орчимд тоосгон болон контейнер гарааш цөөнгүй. Дээрх сургуульд хүүхдүүд нь суралцдаг эцэг, эхчүүдийн автомашин ирж, очиход хамгийн их төвөг болдог, нийтийн эзэмшлийн багахан зайг хумсалсан гараашнуудыг буулгах шийдвэр гаргасан. Гэтэл эзэд нь эсэргүүцэн, асуудал үүсгэсэн байна. Иргэн М.Болдхэт “Манайх гараашаа зургаан жилийн өмнө 12 сая төгрөгөөр худалдан авч, дулаалж, засаж янзалсан. Өөрсдөө энэ хавьд (Чингэлтэй дүүрэг I хороо) амьдрахаа больсон ч үүнийгээ өвөлд өдрийн 40 000 төгрөгөөр түрээслүүлж орлого олдог. Гараашийн байрлалын кадастрын зургийг хавсаргасан худалдах, худалдан авах гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулж авсан. Гэтэл ямар ч зөвшөөрөл байхгүй, гараашийг чинь нураана, хэзээ мөдгүй суллаж өгөх хэрэгтэй гэсэн захирамж ирүүлсэн. Бид хохироод үлдэж чадахгүй, бага хэмжээний ч болтугай нөхөн олговор авмаар байна” гэлээ.
Эндээс харахад нийслэлд цөөнгүй байршилд газар чөлөөлж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн ч явц нь удаан байгаа аж. Мөн гарааш байсан талбайд автомашины зогсоол барихыг эсэргүүцэн, зөвхөн ногоон байгууламж, амрах талбай, явган хүний болон дугуйн зам барихыг хүссэн иргэн олон тааралдав. Мөн тоосгон гараашийн наймаа үргэлжилсэн хэвээр буй бол хүмүүс гараашаа буулгуулахгүй хэмээн зарга үүсгэн, эсвэл тухайн байршилд ажлын байр гаргаж өгөхийг шаардаж байна.