Цаг уур, орчны шинжилгээний газраас өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар хүчтэй салхи шуурахыг анхаарууллаа. Өнөөдөр нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Гэхдээ өдөртөө ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Цаашдаа энэ сарын 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, есдүгээр сарын 30, аравдугаар сарын 1-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байна.