Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланг дараагийн Ерөнхий сайд болно хэмээн шуугиан намжаагүй байна. Л.Энх-Амгалан сайд үүнд өнөөдөр тайлбар хийв. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Сүүлийн өдрүүдэд цахим орчинд намайг Ерөнхий сайд болно гэх мэтээр ор үндэслэлгүй мэдээ тарааж, нийгэмд буруу ойлголт төрүүлэхүйц мэдээ, мэдээлэл, үйл ажиллагааг улстөрийн зорилгоор хийж, олон нийтийн сүлжээгээр тарааж буйд харамсаж байна. Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын кабинет бол нэг хүний биш багийн төлөвлөгөө, багийн үйл ажиллагаа, багийн хэрэгжилт байдаг. Засгийн газрын алдаа, оноо, үүрэг хариуцлага бүхэн Засгийн газрын гишүүд бидний хамтдаа үүрэх үүрэг хариуцлага гэдгийг маш сайн ойлгож байна. Миний хувьд Боловсрол, шинжлэх ухааны салбарт эхлүүлсэн реформоо тууштай үргэлжлүүлэхийг зорьсон нь зарим хүмүүсийн эрх ашгийг хөндсөн байж болох юм. Надад хариуцсан салбартаа хийх ажил, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зүйл маш их байна.Бид 30 жил хангалттай улс төржлөө. Одоо бол сандал ширээний төлөө өчүүхэн тэмцлээ хойш тавих цаг. Цар тахал, бензин шатахуун зэрэг цаг зуурын сорилт бэрхшээлийг бид улс төржилтөөр бус, харин эв нэгдэл, хамтын зүтгэлээр даван туулах болно. Та бүхнийгээ хүндэтгэсэн, Л.Энх-Амгалан" гэж бичжээ. Тэрбээр Ерөнхий сайд болох хүсэлгүй гэдгээ ийн илэрхийлсэн байна.