Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж байгаа “Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх сургалт, судалгаа хамтарсан дадлага”-ын нээлт боллоо. Сургалтад ОБЕГ, ОХУ-ын Онцгой байдлын яам, Байгалийн эрэн хайх, аврах отряд, Үндэсний аврах бригад, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас нийт 38 алба хаагч хамрагдаж, онолын болон дадлага сургуулийг хамтран зохион байгуулна. Энэ сарын 27-ныг хүртэл үргэлжлэх тус сургалтаар тусгай зориулалтын багаж ашиглан Хөвсгөл нуурын ёроолын болон живсэн автомашин техникийн байршлыг тогтоон, усны тусгай зориулалтын дрон төхөөрөмжийг ашиглан Хөвсгөл нуурт живсэн автомашин, техникийн байрлалын зураглал гаргах төлөвлөгөөтэй байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.