2006 оноос хойш жил бүрийн намар уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс үүдээ нээлээ. Энэ жил хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжүүдэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ танилцуулах томоохон боломж олгох гэнэ. Тодорхой хэлбэл, аж ахуйн нэгжүүд шинээр үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, танилцуулах, ногоочид ургацын талбайгаас хураасан ногоогоо шинээр нь борлуулах нөхцөлөөр бүрэн хангажээ. Нэгдсэн арга хэмжээ есдүгээр сарын 23-нд дуустал үргэлжилнэ.
Халдвар хамгааллын дэглэм баримтлах үүднээс өнөө жил задгай талбай буюу Төв цэнгэлдэх хүрээлэнг сонгож, үзэсгэлэнгээ нээжээ. Хамгийн гол нь гадаа талбайд зохион байгуулж буй учраас оролцох аж ахуйн нэгжүүдийн тоо хэмжээ нэмэгдэнэ хэмээн зохион байгуулагчид тооцсон байна. Тухайлбал, хөнгөн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид энэ жил анх удаа “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн үзэсгэлэн худалдаанд оролцож буй. Мөн зөвхөн худалдаа арилжаанаас гадна шинэ бараа бүтээгдэхүүнийг танилцуулж, мэдээлэл өгнө. Тухайлбал, тэжээлийн үйлдвэрийн чиглэлээр төсөл хэрэгжүүлсэн багийнхан тухайн тэжээлийн нэр төрөл, шинээр бий болгосон эрдэс тэжээлүүд, малыг тэжээхийн тулд ямар арга барил шаардлагатай мэдээллийг танилцуулна.
Харин хүнсний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ковидын нөхцөл байдалтай уялдуулаад амин дэм агуулсан шинэ бүтээгдэхүүнээ дэлгэнэ. Мөн хүүхэд залуучуудад зориулж сонирхолтой, зураг авах бололцоотой үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлжээ. Түүнчлэн аймгуудаас аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл ирж оролцоно. Тэд нутагтаа тэргүүний, сайнд тооцогддог, сүүлийн үед шинээр бий болгосон, инноваци шингээсэн бүтээгдэхүүнээ дэлгэх юм.