Малынхаа чанарыг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх зорилготой иргэн, аж ахуйн нэгжүүдэд зориулсан малын дуудлага худалдаа амралтын өдрүүдэд Дархан-Уул аймгийн Хонгор суман дахь Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт боллоо. Дуудлага худалдаагаар Франц улсаас импортоор авч Монгол Улсад нутагшуулсан гойд ашиг шимт махны чиглэлийн Ангус, Лиммузин үүлдрийн үхэр, мах-ноосны чиглэлийн нарийн ноост Меринос, Суффольк, Романов, Бирешон үүлдрийн хонийг худалдан борлуулсан юм. ХХААХҮЯ, түүний харьяа Малын удмын сангийн үндэсний төв, Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйг дэмжих сан хамтран малын дуудлага худалдааг анх удаа зохион байгуулж байгаа нь энэ.
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн дуудлага худалдааны үеэр “Малын үүлдэр угсааг сайжруулах, гойд ашиг шимт малыг импортолж монгол оронд нутагшуулах ажил сүүлийн 8 жил идэвхтэй явуулж байна. Энэ хугацаанд ХХААХҮЯ-наас 17.5 тэрбум төгрөгийг малын үүлдэр угсааг сайжруулах чиглэлд улсын төсвөөс зарцуулсан байна. Дотоодын аж ахуйн нэгжүүд ч мөн өнгөрсөн 5 жилийн хугацаанд 20 гаруй тэрбум төгрөгөөр импортоор цэвэр үүлдрийн гойд ашиг шимт малыг авсан. Сүүлийн үед малынхаа үүлдэрлэг, таваарлаг байдлыг сайжруулах чиглэлд аж ахуйн нэгж, иргэн, малчин гээд бүгд анхаарч байна. Өнөөдөр дуудлага худалгаагаар арилжих үхрүүдийг 2012 онд Францаас оруулж ирсэн, цэврээр нь өсгөж Монголд нутагшуулан үржүүлж байгаа. Хонины хувьд 2017 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Франц улсаас импортоор авч Монголд нутагшуулсан. Анхны дуудлага худалдаа гэдгээрээ алдаа оноо, ололт амжилт аль аль нь байгаа байх. Дараа дараадаа алдаагаа засч сайжруулж, бусад ололтуудаа нэмэгдүүлж уламжлал болгон зохион байгуулна” хэмээн мэдээл өгөв.
ХХААХҮЯ-наас мал аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэх, малыг тооноос чанарт шилжүүлэх бодлогыг нэлээн эрчимтэйгээр, далайцтайгаар авч хэрэгжүүлж буй. Тодорхой хэлбэл, мал аж ахуйг хоёр төрлөөр эрчимжүүлж, малынхаа чанар, үүлдэр угсааг сайжруулахад өмнөхөөсөө илүү анхаарч эхэлжээ. Энэхүү үйл ажиллагаанд Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Хэнтий зэрэг аймгаас 50 орчим аж ахуйн нэгж, иргэн хүрэлцэн ирж, малынхаа үүлдэрлэг, таваарлаг байдлыг сайжруулах чиглэлд хэрэгтэй мэдээлэл авлаа. Мөн дуудлага худалдаанд оролцохоор 9 иргэн, аж ахуйн нэгж бүртгүүлж, нийт 3 үхэр, 1 хонь борлуулсан бөгөөд худалдан авсан иргэдийн сэтгэгдлийг нь сонссон юм.
Дархан-Уул аймагт эрчимжсэн мал аж ахуйг 3 дахь жилдээ эрхэлж буй Н.Батбаяр дуудлага худалдаагаар Лиммузин үүлдрийн 24 сарын настай улаан бух худалдан авсан. Тэрээр 48 үнээтэй бөгөөд аж ахуйгаа хөгжүүлж, малынхаа үүлдрийг сайжруулах зорилгоор тус үхрийг худалдан авсандаа баяртай байна гэсэн юм. Харин мах, ноосны чиглэлийн хонины аж ахуй эрхэлдэг Л.Пүрэвсүрэн Лиммузин үүлдрийн сайхан гунж авлаа хэмээсэн бол Хэнтий аймгийн Норовлин сумын иргэн н.Энхбаатар эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхлэхээр зорьж дуудлага худалдаанд хүрэлцэн иржээ. Тэрээр өөрийн хайж байсан Суффольк үүлдрийн хонь худалдан авсандаа сэтгэл хангалуун байгаагаа хэллээ.
Ийнхүү Дархан-Уул аймаг дахь Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт болсон гойд ашиг шимт малын үзэсгэлэн, дуудлага худалдаа амжилттай болж, хүрэлцэн ирсэн зочдод тус цогцолборын үйл ажиллагааг танилцуулснаар арга хэмжээ өндөрлөлөө.