Ойн хөнөөлт шавжийн хор хөнөөлөөс хамгаалах, тэдгээртэй тэмцэх ажлын хүрээнд навч, шилмүүсний зонхилогч хөнөөлт шавж болох Сибирийн хүр эрвээхийн /Dendrolimus sibiricus Tschetv/ I-II насны хүрэнцэртэй авиа микробологийн аргаар тэмцэх ажлыг 8 сарын 26-наас эхлэн зохион байгуулж буй.
Сибирийн хүр эрвээхийн хүрэнцрийн тоо толгойн нягтшилтыг тодорхойлох, тэмцлийн ажил явуулах талбайг сонгох судалгааны ажлыг Ойн судалгаа хөгжлийн төвийн мэргэжилтнүүд, Горхи-Тэрэлжийн БГЦ-ын хамгаалалтын захиргаа, Төв аймгийн Эрдэнэ сумын байгаль хамгаалагч нартай хамтран гүйцэтгэсэн гэнэ. Судалгааны дүнд үндэслэн Төв аймгийн Эрдэнэ сумын 4-р баг, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын ойн санд хамаарах 16.6 мян.га талбайд тэмцэх ажлыг ойн мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохин байгуулжээ. Богдхан уулын дархан цаазат газрын ойн санд голомт үүсгэн хөнөөл учруулж буй Якобсоны төөлүүрч эрвээхийн /Erannis jacobsoni Djak/ хүрэнцэртэй тэмцэх ажлын хүрээнд Хүрэлтогоот, Хүрхэрээ, Бумбат, Харгана, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын Их булаг, Шар булаг зэрэг амнуудад 8 удаагийн нислэгээр 2400 га талбайд бодис цацсан талаар БОАЖЯ-аас мэдээллээ.