Өнгөрсөн шөнө болсон газар хөдлөлтийн талаар ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн ахлах мэргэжилтэн, доктор Ц.Батсайхнаас тодрууллаа.
-Өчигдөр болсон газар хөдлөлт хэдэн баллын хүчтэй байсан бэ?
-Урьд шөнө 00:50 цагт Төв аймгийн Жаргалант сумаас 18 км зайд 5 баллын хүчтэй 5-6 секундын газар хөдлөлт болсон. Үүний улмаас нийслэлийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн.
-Хэдэн баллын газар хөдлөлтийг аюултай гэж үздэг вэ?
-3.5-с дээш магнитуудын газар хөдлөлт 4-5 баллын чичирхийлэл өгдөг. 5.8 магнитууд 8-9 баллын чичирхийлэл үүсгэж, газрын гадаргуу дээр хагарал үүсгэдэг. Манай улсын хувьд сүүлийн 30 жилд буюу 1991, 2011 онд 6.5 магнитуудын газар хөдлөлт болж байсан. 6 магнитуудын газар хөдлөлт 9 баллын хүчтэй бөгөөд үүнд Улаанбаатарын бүх барилга нурна.
-Манай орны газар хөдлөлтийн хамгийн аюултай бүс аль аймагт байдаг вэ?
-Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутаг дэвсгэр буюу бидний нэрлэж заншсанаар "22-ын товчоо", "Эмээлт зах" орчмыг хамгийн аюултай бүсэд тооцдог. Тэнд 9 баллын газар хөдлөх эрсдэлтэй. Мөн Хөвсгөл, Говь-Алтай, Ховд, Увс аймаг буюу баруун аймгуудыг газар хөдлөлтийн идэвхтэй бүс хэмээдэг. Эл нутгуудад XX зуунд 8 магнитуудын газар хөдлөлт дөрвөн удаа болж байсан. Сүүлийн 30 жилд буюу 1991, 2011 онд 6.5 магнитуудын газар хөдлөлт болж байсан.
-Хүчтэй газар хөдлөх гэж байгааг урьдчилан мэдэх боломжтой юу?
-Бид 90 цэгт, 140 станц байршуулан, газар хөдлөлтийг бүртгэж буй. Эдгээр багаж 1 магнитуудыг ч мэдрэх боломжтой. Газрын хэв гажиг хэмждэг багаж, шилжилт хөдөлгөөнийг ажигладаг GPS, гүний усны түвшин хянадаг багж, газар хөдлөлтийн өмнө ялгардаг хийг бүртгэдэг станцын тусламжтайгаар хүчтэй газар хөдлөлтийн өмнө мэдрэгддэг 8-17 шинж тэмдгийг мэдэх боломжтой.