Гэр хорооллын 10 мянган өрхөд сайжруулсан түлшний талаарх судалгаа явуулахад эерэг сэтгэгдэлтэй иргэдийн тоо 2019 оноос 44 хувиар өссөн дүн гарчээ. Өнгөрсөн онд цар тахлын дэгдэлтээс үүдэн 75 хувиар хөнгөлсөн сайжруулсан шахмал түлшний үнийг энэ жил мөн 50 хувиар хөнгөлж, шуудайг нь 1875 төгрөгөөр борлуулахаар болсон.
Судалгаагаар өрхүүд долоо хоногт дунджаар зургаан шуудай нүүрс түлдэг бөгөөд үүнийг хөнгөлөлттэй үнээр тооцвол 11.250 төгрөгийн түлш хэрэглэдэг гэсэн үг. Энэхүү тооцоог 150 ам метр хүртэлх талбайтай амины сууц, монгол гэрт амьдарч буй айлуудын долоо хоногийн хэрэглээнд тулгуурлан гаргажээ.
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн анхаарлыг татах үүднээс есдүгээр сарын 11, 12-нд Сүхбаатарын талбайд “Өнтэй өвөлжье” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийн үеэр “Таван толгой түлш” ХХК-ийн түлшний гэрээ, “Сайн” карт, угаар мэдрэгчийг нөхөн авах, олгох зэрэг үйлчилгээ үзүүлнэ. Одоогоор өдөрлөгт оролцох хүсэлтийг 20 гаруй аж ахуйн нэгж гаргасан бөгөөд шинэ техник, технологи, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн бизнесээ танилцуулах юм. Түүнчлэн Дэлхийн банкны “Цэвэр агаар” төсөл, НҮБ-ын Хүүхдийг ивээх сангаас хэрэгжүүлж буй төслийн талаарх танилцуулга, гэр дулаалах технологийг олон нийтэд сурталчилж, гэрэл зургийн үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ.