Сүхбаатар дүүргийн 13, 14, Чингэлтэйн 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 156 га газарт Сэлбэ дэд төв буюу нийгмийн хангамж, инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг барьж буй. Гэр хорооллыг хөгжүүлэх сангийн хүрээнд хэрэгжүүлж буй уг дэд төвийн цогц бүтээн байгуулалтын нэгээхэн хэсгийг ашиглалтад оруулав. Тодруулбал, үерийн хамгаалалтын далан сувгийн дотор ханын цутгалт болон далангийн дагуух 3.01 га газарт шаварлаг хөрсийг солилоо. Мөн тус хэсэгт ногоон байгууламж, сагсан бөмбөгийн, тоглоомын талбай, чийрэгжүүлэх төхөөрөмж, иргэдийн амарч суух сандал, сүүдрэвч, явган хүний зам зэргийг цогцоор нь шийдэн тохижуулав.
Тохижилт угсралтын ажлыг “Боди пропертиз” ХХК 2019 оноос гүйцэтгэсэн бөгөөд энэ жил ашиглалтад оруулснаар иргэдийн амрах, зугаалах орчин нөхцөл сайжирч байна хэмээн нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрынхан мэдээлэв.