“Далан давхар” буюу "Самбалхүндэв" оршуулгын газрыг үе шаттайгаар, хэсэгчилсэн байдлаар тохижуулахаар болсон. Эхний ээлжид 10 га газарт дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох шийдвэрийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар баталлаа. Тодруулбал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт оршуулгын үйлчилгээний зохистой менежментийг бий болгох, тухайн газрыг ойжуулах, "Далан давхар"-ын оршуулгын газарт дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил тусгасан байсан юм. Уг зорилтыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгтэйгээр талийгаачийг чандарлах, дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд залах ажлыг хийхээр эхний ээлжид 10 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгохоор шийдвэрлэлээ.