Куба улс 2-18 насны хүүхдүүдэд коронавирусийн эсрэг вакцин хийж эхлэхээр төлөвлөж байна. Тус улс дотооддоо бүтээсэн Soberana -2 вакцинаар дархлаажуулалтыг явуулна. Энэ тухай “The Guardian” мэдээлэв.
Өсвөр насны хүүхдүүдийг энэ долоо хоногоос вакцинжуулж эхлэх бол бага насны хүүхдүүдийг есдүгээр сарын дунд үеэс хамруулахаар төлөвлөжээ.
Кубын Финлай хүрээлэнгийн мэдээлснээр вакцин нь хүүхдэд бүрэн аюулгүй бөгөөд насанд хүрэгчдийнхээс илүү хүчтэй дархлааны хариу урвал үүсгэсэн байна.
Тус улсын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Илеан Моралесийн хэлснээр коронавирусийн эсрэг вакциныг хүүхдийн өвчний эсрэг хэрэглэдэг бусад вакцинуудын нэгэн адил жил бүр хийх юм байна.
Одоогийн байдлаар Кубын 11.3 сая хүн амын тал орчим хувь нь “COVID-19”-ийн вакцины дор хаяж нэг тунг тариулсан бол 3.5 сая гаруй хүн хоёр тунг бүрэн хийлгэжээ. Энэ жилийн сүүл гэхэд тус улсын хүн амынхаа 90 хувийг вакцинжуулалтад бүрэн хамруулахаар төлөвлөжээ.