Хог хаягдлыг бууруулж, ухаалгаар ашиглахад дэлхийн олон улс техник технологийг ашиглаж эхэлжээ. Манай улс ч үүнтэй хөл нийлүүлэн алхах цаг удахгүй ирэх нь. Тодруулбал, "Ecocash" компанийнхан хог хаягдлыг худалдан авах RVM автомат төхөөрөмжийн шинэчилсэн хувилбарыг ашиглалтад оруулахаар төлөвлөж буй гэнэ. Тус компанийнхан 2019 оны арваннэгдүгээр сард нийслэлийн тодорхой байршлуудад 10 ширхэг RVM автомат төхөөрөмжийг байршуулжээ. Харамсалтай нь, программ хангамжийн зарим асуудал болон цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдалтай уялдуулан хэсэг хугацаанд ажиллуулаагүй гэнэ. Өнгөрсөн удаад RVM автомат төхөөрөмжийн программ хангамж болон эд ангиудыг БНХАУ-д хийлгүүлсэн байна. Харин өдгөө эдгээрийг дотоодын боловсон хүчнээр хийлгүүлж, илүү сайжруулсан гэнэ. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал П.Очирпүрэв "Шинэчилсэн RVM төхөөрөмжийн программ хангамжийг монгол инженерүүд сайжруулсан. Мөн эд ангиуд болон угсралтын ажлыг ч дотоодын боловсон хүчнээр хийлгүүлсэн. Энэ сарын 17-нд болох "ICT expo" үзэсгэлэнгийн үеэр манай компани гурван төрлийн төхөөрөмж танилцуулна. Үүний нэг нь шинэчилсэн RVM төхөөрөмж юм" гэв. Түүнээс төхөөрөмжийн ажиллах горимын талаар зарим зүйлийг тодруулав.
-RVM төхөөрөмж зөвхөн хаягдал хуванцрыг л худалдан авах уу?
-Үгүй. Хэмжээнээс нь хамаараад бүх төрлийн хуванцар сав, жижиг цаасан хайрцаг, лааз зэргийг худалдан авна. Харин шилэн хаягдлыг авахгүй. Манай багийнхан шилийг хэрхэн худалдан авч болох талаар ярилцаж байгаа. Туршилтын хугацаанд нэг ширхэг хуванцрыг 20 төгрөгөөр худалдан авна.
-Туршилтын хугацаа хэдэн сар үргэлжлэх вэ. Цаашид тогтмол хэрэглээнд нэвтрүүлэх хугацааг төлөвлөсөн үү?
-"ICT expo" үзэсгэлэнд төхөөрөмжөө танилцуулсны дараа туршилтад гаргана. Энэ удаад төхөөрөмжөө Барилгачдын талбайд байршуулах бөгөөд туршилт гурван сар үргэлжилнэ. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нд хэрэглээнд бүрэн нэвтрүүлэхээр ажиллаж байна. Эхний ээлжид 30 ширхэг төхөөрөмжийг томоохон худалдааны төв, эмнэлэг зэрэгт байршуулна.