1985 онд Хөвсгөл нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан ахалж, дэд даргаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ажиллаж буй.
Мөн “Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах, суурь судалгаа хийх" дэд ажлын хэсгийг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн ахлан ажиллаж байна. Тус ажлын хэсэг эрдэмтэн, судлаачдыг оролцуулан Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааны үеийн инженерийн тооцоо, ажиллагаанд шаардагдах төсөв хөрөнгө, шаардлагатай хүч, хэрэгсэл техникийн судалгааг гаргажээ.
Дэд ажлын хэсэг судалгааны ажлын явц болон татан гаргах ажиллагааны бодлого, төлөвлөгөөг өчигдөр танилцуулсан байна. Аврагчид Сүхбаатар хөлөг онгоцны байрлал, онцлогийг судалж, шумбалт хийж дүрсжүүлэн, татан гаргах зам, маршрутыг судлан ажиллаж байгаа аж. Судалгаа хийх явцад аврагчид онгоцны байрлал, татан гаргах бэхэлгээ хийх газрыг урьдчилсан байдлаар тогтоосон гэнэ. Мөн хөлөг онгоцноос төмрийн, гүний уснаас шорооны, замгийн дээж авчээ. Сүхбаатар хөлөг онгоц нуурын эргээс 110-120 метр зайтай, 12-16 метрийн гүнд хазайсан, баруун бөөрөөрөө, зүүн тийшээ харсан байдалтай байгаа аж.
ОХУ-ын Онц байдлын яамны Эрхүү хот дахь Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах, нуурт живсэн машин техник хэрэгслийг илрүүлэх, судалгаа хийх ажлыг ирэх сарын 19-27-ны өдрүүдэд зохион байгуулах бэлтгэл ажил хангажээ.